Америкийн иргэн хар арьстан Жорж Флойд гэдэг залуу цагдаа нарын гарт харамсалтайгаар амь үрэгдсэний дараа тус улсын Миннесотад арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн юм. Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, зарим нь дотогшоо дайран орж, галдан шатаасан байна. Улмаар жагсаалд оролцогсдын тоо нэмэгдэж, эмх замбараагүй байдал үүссэн юм. Нөхцөл байдал хүндэрсэн учир тус улсын хэд хэдэн мужид онц байдал тогтоосон бөгөөд эрх баригчид үймээнийг дарахын тулд Үндэсний гвардын албан хаагчдыг дайчлахаас аргагүйд хүрсэн.
Харин Майами хотод цагдаа нар жагсагчидтай хамт өвдөг сөхрөн, амиа алдсан Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлжээ.