Коронавирусын халдварын тохиолдол 18 хүнээр нэмэгдсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Тэрбээр “2020 оны 5 сарын 28-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 369 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задлан хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 21 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 220 хүний шинжилгээ, мөн тандалтын зорилгоор 10 сорьц цуглууллаа. Санамсаргүй түүврийн аргаар Улсын нэгдсэн төв эмнэлэг, СХД-ийн болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс амьсгалын замын халдвараар өвдсөн хүмүүсээс сорьц авч шинжилгээ хийсэн юм. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 хоёр жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд болон 65 хүнд давтан шинжилгээ хийлээ. Ийнхүү нийт 369 шинжилгээнээс 18-д нь халдвар илэрлээ. Энэ 18 тохиолдол хаанаас орж ирсэн бэ гэвэл 5 дугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 хүний бид вагоноор авчирч, шинжилгээн хийхэд 18-д нь коронавирус илэрсэн гэсэн үг. Эдгээр халдвар авсан хүмүүс нь 19-52 насны хүмүүс бөгөөд 11 нь оюутан байна. Ингээд Монгол Улсад нийт 179 тохиолдол бүртэгдлээ” гэв.
С.Болд