Төрд мэдлэг, боловсролтой, оюуны өндөр чадавхтай хүмүүс ажиллаж байж л улс орон хөгжинө. Энэ улсын ирээдүйг хэдэн жилээр урьдчилан харж, хөгжлийн цогц бодлого боловсруулах чадваргүй хүмүүс УИХ-д гарах тусам Монгол Улс хэзээ ч урагшаа гишгэхгүй. Ёстой санасны гарз. Үнэхээр боловсролтой хүмүүст тийм орон зай олдохгүй, олгохгүй байх тусам энэ улс тушаатай морь шиг хий дэмий л дороо дэвхцэхээс цаашгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм учраас ялангуяа УИХ-д мөнгөтэй нь биш мэдлэгтэй нь гарах учиртай, уг нь. Харамсалтай нь зарим улстөрийн хүчин тийм боломжийг хааж бүхнийг мөнгөөр хэмжиж байна. 2008 онд шиг санагдаж байна. Тухайн үед АН-ын дарга байсан эрхэм “50 сая төгрөг олж чадахгүй, өгч чадахгүй бол нэр дэвших хэрэггүй” гэж шуудхан зарлаж байлаа. Яг энэ түүх өнөөдөр С.Эрдэнэ даргын үед АН дээр давтагдаж байгаад гишүүд дэмжигчид нь бухимдаж байна. Үндэсний хэмжээний гэх том намын дарга нь “100 сая төгрөг өгч чадахгүй бол нэр дэвшээд яах юм. Хэрэггүй ш дээ” хэмээн шуудхан мэдэгдсэн нь АН-ыг муухай харагдуулж эхэллээ.
100 саяын босго нь 300-400 сая болж нэмэгдсэн нь тус намын олон гишүүдийн дургүйцлийг төрүүлж эхнээсээ ил захидал бичиж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр АН нэр дэвшигчдээсээ 100 саяас гадна хоёр дахь шатны гэрээ хийж 300-400 саяыг авч байгаа талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрбээр “АН-ын хэдэн гишүүн 100 саяын дэнчингээ өгсөнийг ганцхан С.Эрдэнэ мэдэж байгаа. Уг нь хүмүүсийг үзэл бодлоор нь өрсөлдүүлэх ёстой ч мөнгөөр нь уралдуулж байна. 100 саяын дэнчингээ өгсний дараа хоёрдугаар шатны гэрээ байгуулсан. Энэ нь аймаг бүрт зарцуулах зардлын хэмжээ. Миний нэр дэвших Баянхонгор аймагт гэхэд 400 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ гэрээгээ нууцаар хийсэн. Ингээд нийт 500 сая төгрөг тушаасны дараа дахиад хоорондоо өрсөлдөнө. Тэгээд нэр дэвших үнэмлэхээ авч чадахгүй бол хохь нь гэж байна. Харин нам дараа нь улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ бол 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байгаа хэрэг. Мөн АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувь нь С.Эрдэнэ даргын ойр дотнын хамаарал бүхий хамаатан садан нь байдаг. 49 хувь нь мань мэтийн үзэл бодлоо уралдуулдаг, нийгмийнхээ төлөө, намаараа дамжуулж хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах юмсан гэсэн итгэл үнэмшилтэй залуус. Хурал болгоноор 51 хувиар хүч түрээд баахан мөнгөний схем батлуулдаг болсон. Үндэсний бодлогын хорооны хурал мөнгө баталдаг хурал болсон, С.Эрдэнэ даргын тулгалтаар гэсэн үг шүү. Нам дээр жилд 2-3 тэрум төгрөг цугладаг. Түүнийгээ шилэн байдлаар тайлагнах шаардлагыг намын даргад хүргүүлж байна. С.Эрдэнийн хувийн өмчлөлд байдаг “Шонхор” ордонд манай намын байр байдаг. Гэтэл бүхий л зардлыг намын гишүүд бид татвараараа даадаг. Намын байрны өнгө сайжраад байдаг, намын өнгө сайжрахгүй байна. Намын гишүүдийн амьдрал сайжирдаггүй, намын дарга нарын амьдрал сайжраад байна. Аливаа санхүү мөнгөний асуудал ил тод байх ёстой. С.Эрдэнийн Үндсэн хууль, Cонгуулийн хууль зөрчсөн хууль бус мөнгөний схемүүд нь өнөөдөр манай нам сонгуульд орох уу, орохгүй юү гэсэн хоёрхон замыг сонгоход хүргээд байна. Эхнийх нь С.Эрдэнэ даргатай сонгуульд орохгүй байх асуудал яригдаж байна. Хоёрдугаарт С.Эрдэнэ даргагүйгээр сонгуульд орох гэсэн ийм хоёрхон зам тулж ирээд байна гэж миний хувьд үзэж байна.
Уг нь манай нам доороосоо дээшээ явдаг тогтолцоотой байх ёстой байтал дээрээсээ дарга бүхнийг томилдог, тушаадаг коммунизмын үеийн намын даргатай болсон. Үгээ хэлэх гэхээр хөөнө, тууна гэдэг болсон. Намайг шүүмжиллээ гээд сануулга өгсөн. Өнөөдөр би энэ хэвлэлийн хурлаар нэг ч хууль бус зүйл хийгээгүй. Ардчилсан нийгмийн зарчмаар үг хэлэх эрхээ эдэллээ. Ингэлээ гээд маргааш намайг яахыг та бүхэн сурвалжлаарай. Өнгөрсөн долоо хоногт энэ мөнгөтэй холбоотой схемийг зурж самбар дээр бичсэн Маргад-Эрдэнэ гэж залууг намаас хөөсөн. Өнөөдөр намайг үгээ хэлсний төлөө намаас хөөхийг үгүйсгэхгүй. Нэг хурал дээр би “Мөнгөний уралдаанаа зогсоо, тайлангаа тавь, нэр дэвшигчдээ хурдан тодруул” гэсэн чинь Баянгол дүүргийн ИТХ-ын дарга гээд нэг залуу над руу дайрсан, хэл амаар доромжилсон. “Чи манай хадам аав руу дайрдаг хэн бэ” гэж. Хүргэн хүү нь АН-д хүчтэй болчихож. Хүргэн хүү нь хадам ааваа өмөөрдөг нам болчихож. АН гэр бүлийн нам болсон гэж би харж байна. Юун ардчилал, шударга ёс. С.Эрдэнэ хаа явсан газраа дандаа хэл ам дагуулдаг, та бүхэн мэдэж байгаа. Баянгол дүүргийн ИТХ-д С.Эрдэнийн хэдэн хүн байдаг вэ? Монголчууд гэнэн ш дээ. АН гээд ойлгоод сонгоод байсан чинь С.Эрдэнийн гэр бүлийг сонгочихсон. Тэр схемээ АН дээр хэрэгжүүлсэн. АН-ыг ард түмэн хүндэлдэг. Харамсалтай нь намын дарга таалагдахгүй байна. Тиймээс би С.Эрдэнэ даргыг 72 цагийн дотор миний 3 шаардлагад хариу өгөхийг шаардаж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол АТГ, тагнуул, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр шалгуулна. Хүний эрхийн комисст хандана” гэлээ.
Д.Дорж