Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Үүнд:
1. 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх
2. 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст ХАОАТ ногдуулахгүй байх
3. 2020 оны 04.01-10.01 хүртэлх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх /ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/
4. COVID-19-ын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох
5. Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох. Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
6. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох
7. 2020 оны 04.15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5,1 их наяд төгрөг шаардагдана.
Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбогдуулан иргэдийн санаа бодлыг сонслоо.
-Би Баянзүрх дүүрэгт хүнсний зах дээр гурил, будааны лангуу ажиллуулдаг. Надад бол хамаарахгүй л арга хэмжээнүүд юм билээ. Гэхдээ байгууллагуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс хагас жил чөлөөлнө гэдэг чинь сайхан л сонсогдож байна. (БЗД-ийн иргэн Л.Бадамханд)
-Ерөнхий сайд болон Засгийн газрыг хямралын эсрэг эрс шийдэмгий арга хэмжээ авч байна гэж ойлгож байна. Коронавирусээс болоод хувийн хэвшил сөхрөх шинжтэй гэж яриад байгаа биз дээ. Үүнээс хамгаалах, ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлээр У.Хүрэлсүх сайдыг зөв алхам хийж байна гэж өвгөн би бодож байна даа. Өндөр хөгжилтэй том орнуудыг бодвол манай улсын эдийн засаг ядруу шүү дээ. Ард түмнээ дэмжсэн ийм алхам хийж байгаа нь их юм. (Сүхбаатар дүүргийн өндөр настан М.Санжаа)
-Уг нь Засгийн газар, Монголбанкнаас зээлийн хүүг хойшлуулах чиглэлийг арилжааны банкуудад өгсөн. Гэхдээ банкууд тэр шийдвэрийг аль болох биелүүлэхгүй байх шинжтэй нь тодорхой. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх банкны удирдлагуудад хандаж хүсэлтийг хүлээж авахгүй бол хариу арга хэмжээ авна гэж нэлээд хатуухан үг хэлсэн. Ингэж чанга дуугарахгүй л бол чих нь зөөлрөхгүй улс. Төр засаг ийм л шийдэмгий байх ёстой. Үлбэгэр явж ирсэний гай одоо гарч байна. Нэг л их дураараа, том толгойтой улс. Төрийн үгийг тоодоггүй, гарсан шийдвэрийг нь биелүүлдэггүй ямар ч байгууллага, иргэн байх ёсгүй. У.Хүрэлсүхийн “Одоо засаглах цаг болсон” гэж яриад байгаа чинь их учир утгатай үг юм шүү. (Баянзүрх дүүрэг. Өндөр настан Х.Сундуй)
-Би хүүтэйгээ амьдардаг байсан. Харамсалтай нь хүү минь өвчнөөр нас барсан. Бид хоёр байрны зээлтэй байсан. Нэлээд хэсгийг нь төлсөн ч үлдэгдэл байгаа. Тэтгэврийн би төлөхөд хүндрэлтэй. Үүнийг шийдэж өгөх арга зам байдаг юм болов уу? Энэ мэт асуудалтай хүмүүс олон байдаг шиг байгаа юм. Ингээд бодохоор төр засгаас ард түмэн рүүгээ хандаж хийх ажил их байна даа. Түүнээс биш тэтгэврийн зээл, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байгааг дэмжилгүй яахав. (Сэлэнгэ аймаг. Өндөр настан Л.Должин)
-Арилжааны банкуудад хандаж Ерөнхий сайдын хэлсэн үг таалагдсан. Харамсалтай нь энэ үгээ хэлж дуусаагүй шахам байхад мушгиад эхлэх юм. Би фейсбүүкт идэвхтэй байдаг хүн л дээ. Өөр намынхан ямар шуурхай гутаах ажиллагаандаа ордог юм бэ? Нөгөө хар пиар нь юм байлгүй дээ. Учир мэдэхгүй, аливааг эргэцүүлж бодох чадваргүй, боловсрол муутай хүмүүс шууд л итгэдэг байх. Зөв юмыг дэмжих хэрэгтэй биз дээ. Багш хүний хувьд ах нь үүнд л харамсч явах юм. (Баянзүрх дүүрэг. Э.Батбаяр)
Д.Лхагва