Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комиссын шийдвэр, арга хэмжээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 15-нд БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй 224 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авч ирсэн ирсэн билээ.
Улмаар тус иргэдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан юм. Харамсалтай нь тэдгээр иргэдийн дунд COVID-19 вирусын халдвартай хүн байсан байна. Мөн ХБНГУ-аас ирсэн иргэнээс ч халдвартай гэсэн шинжилгээний хариу гарчээ. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүний лабораторийн эхний шинжилгээн хариу 20.00 цагийн /2020 оны 3 дугаар сарын 16/ байдлаар коронавирусын халдвартай гэж гарлаа. Тус иргэдэд шаардлагатай арга хэмжээг авч, хавьтлуудыг судалж байна. Францаас дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн иргэний ойрын хавьтал болсон есөн иргэнийг тусгаарлалтад авсан” хэмээн мэдэгдлээ.
Мөн ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл “Монголын төр ямар ч үед иргэнээ хаядаггүй. Тийм учир гадаад оронд байгаа иргэдээ авчирсан. Хамгийн гол нь иргэд өөрсдөө энэхүү халдвараас урьдчилан сэргийлж, ЭМЯ-ны зөвлөмжийг дагах хэрэгтэй байна” гэлээ.
Д.Болд