Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комиссын шуурхай шийдвэр, арга хэмжээний хүрээнд БНСУ-д сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдээ өнөөдөр тусгай үүргийн онгоцоор авч ирлээ. Эхний ээлжинд нийт 244 Монгол иргэн эх орондоо ирсэн бөгөөд дээрх иргэдийг 14 хоног тусгаарлах юм.
Жирэмсэн болон БНУ-д эмчлүүлээд ирж буй 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, Бусан, Дэгү зэрэг эрсдэл өндөртэй бүсээс ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д, үлдсэн хүмүүсийг “Энхсаран’ сувилалд найман тусгай автобусаар хүргэлээ. Онгоцны экипажийн гишүүд болон, нислэгийн үед зорчигчдод хяналт тавьж ажилласан Мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийг ч тусгаарлаж, ажиглахаар болжээ. Вирус хатуу гадаргуу дээр удаан амьдрах чадвартай тул дээрх 244 иргэний тээшийг ариутгаж, 14 хоногийн дараа хүлээлгэн өгөх аж.
С.Заяа