УЕП-оос өргөн барьсан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Н.Номтойбаяр гишүүн энэ асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Г.Батхүү агсны ар гэрийн зүгээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож яллах арга хэмжээ зохион байгуулалттайгаар явууллаа. Энэ гомдлын дагуу миний бие нэр бүхий иргэдийг цагдаагийн байгууллагад өгч, гомдол гаргаж байна.
Үүнээс гадна дөрвөн өргөдөл цагдаагийн байгууллагад өгч байна. Мөн полиграфф тестийг би өөрийн санаачилгаар хоёр удаа өгсөн. Эхний удаа өгөнгүүт дараагийнхыг нь бататгаж авдаг юм байна. Гэтэл тэр тестийн үр дүнг илт мушгиж гуйвуулсан. Нууцын зэрэгт хамаарахгүй асуудал шүү дээ. Талийгаачийг цохьсон уу гэх мэт хардалтын асуулт асуухад миний хариултуудын 80-90 хувь нь үнэн гэж гарсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаач Г.Батхүүг тархины цус харвалтаар амиа алдсан гэж тогтоогдчихсон байхад яагаад мушгин гуйвуулж байгаа юм бэ?” гэлээ. Тэрбээр мөн “Миний нүд яагаад хөхөрснийг та бүхэн бичлгээс харсан байгаа. Гавлын яс хоёр газар хагарч, хүнд бэртэл авсан. Гэхдээ өөрийгөө зөвтгөхгүй. Бусдад гомдсон зүйл байхгүй. Холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Миний занг та бүхэн мэдэх байх. Залуу хүн бас алдсан байна. Алдаа гаргасандаа хүлцэл өчье. Тэр залуугийн ирээдүйг бодсон ч, хөдөлмөрч ээжийг нь ч бодсон ч, Тагнуулд ажиллаж байсан, улс орны Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг эрхмийг ч бодсон миний зүгээс гомдох зүйл байхгүй. Өөрийгөө би буруутай гэж үзэж байна. Бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлын хувьд гэвэл нэгдүгээрт, би өөрийгөө хууль зөрчөөгүйг нотлох ёстой. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн учраас өөрөө санаачилгаараа бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй” гэв.
Д.Дорж