Энэ сарын 13-14-нд алс холын хоймор нутаг буюу Хөвсгөл аймагт Монголын ахмадын холбооны салбар хороо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ боллоо. Аймгийн ахмадын хорооноос ирүүлсэн урилгын дагуу МАхХ-ы ажилтнууд тус аймгийг зорив. Шөнөжин “нүдүүлсээр” өглөө 08 цагт Мөрөн хотод орж ирвэл аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар хэмээх эелдэгхэн зантай, шуурхай эр хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Ахмадын хороо нь байнга хүний хөлд дараатай байдаг их хөлийн газар бололтой. “Зан сайтай айлд хүн, замаг сайтай усанд загас” гэдэг дээ. Юутай ч Хөвсгөлийн Ахмадын хороонд ажил ёстой л ундарч байлаа. Г.Төмөрбаатар гуай менежмент сайтай, бүтээлч санаачилгатай хүн болох нь илт. Тиймдээ ч Хөвсгөл нутагт ахмадууд руу чиглэсэн ажил үр дүнтэй хэрэгждэг биз ээ. Уг ойн хүрээнд аймгийн ахмад настны спорт, урлагийн наадам, тэдний хийж урласан бүтээлийн үзэсгэлэн, худалдаа, Ахмад настны чуулган болон баярын хурал, хүндэтгэлийн гала тоглолт болсон юм. Энэ үеэр тус аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатартай ярилцлаа.
-2017 онд та Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны даргын албыг авсан. Ажлаа юунаас эхлэв?
-Түүх сөхвөл Хөвсгөл аймгийн Ахмадын хороо одоогоос 30 жилийн өмнө буюу 1988 онд анх үүсэн байгуулагдаж байлаа. Миний хувьд 2017 онд анх Ахмадын хорооны даргын ажлыг аваад юуны түрүүнд дунд хугацааны бодлогын баримт бичиг буюу стратеги төлөвлөгөөтэй байх ёстой юм байна гэж үзсэн. Улмаар аймгийн Ахмадын хорооны бага хурлаар 2017-2020 оныг хүртэл хэрэгжүүлэх аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулж түүний дагуу ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр дотор Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны Алсын хараа, Эрхэм зорилго гэх мэт бүх зүйл тусгагдаад явж байгаа. Миний хувьд энэ албыг аваад орон нутгийн төр захиргааны байгууллагатайгаа нягт хамтын ажиллагаа хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хөвсгөл аймгийн ахмадуудын дунд тулгамдсан олон асуудал байдаг. Тэр болгоныг шийдэхийн тулд аймгийн ИТХ, Засаг даргын тодорхой шийдвэр хэрэгтэй байсан учир аймгийнхаа удирдлагуудтай ярилцаж ажил эхлүүлсэн. Өнөөдөр аймгийн Ахмадын хороо 7 тэргүүлэгч, хяналтын зөвлөлтэй, 23 сум 1 тосгондоо ахмадын хороотой, 200 орчим баг,байгууллага аж ахуй нэгжийн дэргэд ахмадын зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танаас ярилцлага авахын өмнө хэд хэдэн хүнтэй уулзлаа. Хөвсгөл аймгийн Ахмадын хороо бүтцээ өөрөөр харж, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу?
-Тиймээ. Ахмадын хороо босоо удирдлагатай мэргэжил салбарын холбоодууд, тухайлбал ахмад багш нарын, ахмад сувилагчдын холбоодуудтай нягт хамтын үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн аймагтаа шинээр ахмад санхүүчдийн, банкны ажилтнуудын, холбооны салбар, усны салбарт ажиллаж байсан ахмад настны холбоодуудыг байгуулан ажиллаж байна. Шинэчлэл юм даа. Өмнө нь орон нутгийн ахмадын байгууллага сумынхаа ахмадын хороогоор дамжиж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин бид бүтцийн хувьд арай өөрөөр харсан гэсэн үг.
–Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар 2018 оныг “Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих” жил болгон зарлажээ. Нүдээр ирж үзлээ. Бодитой олон ажил зохиогдож байгаа юм байна. Аймгийн ахмадын хорооны даргын хувьд та энэхүү жилийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Түүнээс гадна Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
-Хөвсгөл аймаг 2018 оныг “Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих” жил болгон зарласан. Аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан энэхүү нэрлэсэн жилийн хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан тусгай комисс гарч хийх ажлын тодорхой төлөвлөгөөг шат шатандаа баталсан. Би хувьдаа энэхүү жилийн онцлогийг Монгол Улсын хэмжээнд анхдагч гэж үзэж, ихээхэн урамшиж, талархаж байгаа. Түүнээс гадна манай аймаг Ахмад настандаа ээлтэй дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа. Хоёр жилийн хугацаанд 29 бодлогын зорилттой 119 хэрэгжүүлэх арга хэмжээтэй томоохон дэд хөтөлбөр юм. 5 дугаар сарын 13-нд нэрлэсэн жилийн ажлын хүрээд ахмад настнуудын спорт, урлагийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Манай ахмадууд маш идэвх санаачлагтай оролцож, сэтгэл санаа, урам зориг нь их сэргэлээ. Ер нь намайг ажил авснаас хойш ахмадын байгууллагын ажлыг аймгийн Засаг дарга, ИТХ ихэд дэмжиж байгаа. Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ, Засгийн газрын гишүүн Д.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар хоймор нутгийнхаа ахмад настнууддаа сэтгэл санааны болоод өөр хэрэгцээтэй олон сайхан дэмжлэг үзүүлж байгаа. Ахмадуудаа гэсэн сэтгэлгээний хандлага бүх шатанд өөр болжээ.
-5 дугаар сарын 13-нд сумдын ахмадын хорооны уулзалт зөвлөгөөн аймгийн Ахмадын хорооны байранд болсон. Сумын ахмадын хорооны дарга нарын ярьж байгаагаас харвал төсвийн асуудал хүнд байдаг бололтой?
-Гол асуудал бол төсөв. Ахмад настны тухай хуульд төсөвлөнө гээд тодорхой заачихсан. Гэтэл бодит амьдрал дээр нөгөө сум дээр, байгууллага дээр очиж байгаа төсвөөс илүү гарах юм байдаггүй. Танайх 10 хүнтэй бол 10 хүний цалин чинь энэ гээд л гүйцээ. Ямар ч байсан энэ асуудлыг манай дээд холбоо салбарын яамдуудтай ярьж шийдэх байх.
-Аймгийн ахмадын байгууллагын даргын хувьд ахмадуудын сул талыг нэрлээч гэвэл та юу хэлэх бол?
-Ахмад настнуудаас нь өөрсдөөс нь шалтгаалсан асуудал байдаг. Манай зарим ахмадууд буруугаа өөрсдөөсөө биш өрөөл бусдаас, эсвэл одоогийн төр засгаас хайдаг. Түүндээ бухимддаг. Ийм сэтгэлгээний буруу хандлага нэлээдгүй ахмадуудад байна. Сэтгэлгээний хандлагад өөрчлөлт оруулах нь чухал. “Хүүхдийн төлөө за” гэдэг шиг аймгийн Ахмадын хороо “Таван за” гэдэг ухагдахууныг дэвшүүлсэн. Ахмад настан ийм ийм 5 шаардлагыг хангасан байна гэсэн үг л дээ.
-Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг нэг бүрчлэн бичнэ гэвэл цаг хугацааны хувьд боломжгүй. Гол гол ажлуудаасаа тоймлон дурдана уу?
-Ахмадын хорооны байранд ахмад настнуудад зориулсан эрүүл амьдрах ухааны сургалт, тоглоом наадгай тоглох, хийн дасгал хөдөлгөөн хийх, ахмадын эмч сувилагчдын үзлэг явуулах зэрэг 7 хоногийн цагчилсан хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна бүх суманд чийрэгжүүлэлтийн төвүүдийг сэргээж, урамшуулалт цалинтай арга зүйчдийг ажиллуулж байна. Энэ нь улсын хэмжээнд анхдагч нь болсон түүхийн эхлэлтэй. Сумын төвүүдэд 27 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чийрэгжүүлэх төвийг ажлуулж байгаа бөгөөд хариуцан ажиллаж буй хүнд сард 240000 төгрөгний урамшуулалт цалин хөлс олгож байна. Мөн 96 ахмад настан зөвлөх үйлчилгээнд оролцож 12.880 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, 6 ахмад настан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр 12.500 мянган төгрөгийн эргэн төлөгдөх хүүгүй зээлийг авч байгаа. Мөн харьяалалгүй гэх 7118 ахмад настан байгаа бөгөөд төрөөс нэг ахмад настанд 10000 төгрөгийн дэмжлэг олгож, жилд дунджаар 70 гаруй сая төгрөгийг зарцуулж байна. Тэдгээр нь нийт ахмад настнуудын 69.1%-ийг эзэлж байгаа бөгөөд, ажиллаж байсан албан байгууллага, ААН нь татан буугдсан, мал аж ахуй эрхэлж байсан ахмад настнууд эсвэл тодорхой ажил алба эрхлээгүй хүмүүс байгаа юм.
-Танд мэдээж аймгийн ахмадуудын талаар тодорхой судалгаа, статистик тоо баримт байдаг байх. Тухайлбал, Хөвсгөл аймагт хамгийн өндөр настай ямар хүн аж төрж байна вэ?
-Аймагт ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн босгонд тус аймагт 11200 ахмад настан байгаагийн 7873 буюу 70.3 % нь эмэгтэйчүүд байна. 70 хүртэл настай 8345 буюу 74,5 хувь, 71-80 настай 2080 буюу 18,5 хувь, 81-90 настай 683 буюу 6.1 хувь, 91-100 настай 88 буюу 0,7 хувь, 100 ба түүнээс дээш настай 4 буюу 0,035 хувийг тус тус эзэлж, дундаж наслалт 67 байна. Хамгийн өндөр настай эрэгтэй гэвэл өдгөө 104 насыг наслаж буй Шинэ-Идэр сумын харьяат Маарын Цогдог гуай юм. Эмэгтэйчүүдээс хамгийн өндөр настай нь 102 насыг наслаж буй мөн л Шинэ-Идэр сумын харьяат Пэрэнлэйн Долгорсүрэн гуай.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-2018 оныг “Амьдрах орчноо сайжруулж, Ахмад настнаа дэмжих” нэрлэсэн жил болгон зарлаж олны анхаарлыг ахмад настнууд уруу хандуулж чадаж байгаа. Монгол Улсад анхны “Ахмад настандаа ээлтэй аймаг” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, олон чухал шийдвэрүүдийг гаргасан аймгийн ИТХ, тэргүүлэгчид, Засаг дарга, ЗДТГ-ууддаа талархлаа илэрхийлье. Мөн чуулган, урлаг спортын наадам, аймагт ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Даваасүрэн нарт маш их баярласнаа нутгийнхаа ахмадуудынхаа өмнөөс илэрхийлье. Хүн бүр ахмад настан болж, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Д.Лхагвадорж