Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасныг баяртайгаар мэдэгдсэн билээ. Гэхдээ энэ зарим улстөрч, улстөрийн хүчний зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ “Тооцоо судалгаа муутай зүйл. Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгдээрээ улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс бус хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд” гэж дүгнэсэн бол Д.Хаянхярваа, О.Баасанхүү нарын гишүүд ч Ерөнхийлөгчийн мэдэгдлийг бодит биеллээ олоход хэцүү, сэтгэлийн хөдөлгөөнд автаж хийсэн мэдэгдэл гэх зэргээр “таашаасан”.
Харин Засгийн газрын хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хэрэгжүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болоод байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулан Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д танилцуулах шаардлагатай боллоо. Одоогоор 231 ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв” гэлээ.
Ц.Болд