АТГ-аас өнгөрөгч шөнө ээлжит ажиллагаа явуулж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Д.Доржхандын өгсөн мэдүүлгийн дагуу ийм арга хэмжээ авсан бололтой. Д. Доржхандыг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалж Д. Ганбатыг Хандгайт-Төмөртэйн чиглэлийн 34 км төмөр замыг улсад 112 сая ам.доллараар хүлээж авсан болон актлагдсан 1000 вагон худалдан авах чиглэлийг дэд сайд Б. Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д. Жигжиднямаа нарт чиглэл өгч мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгахаар баривчилжээ хэмээн мэдээлж байгаа юм.
Д.Ганбат нь 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын кабинетэд орж сайдаар томилогдсон билээ.