УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгасан. Ингэснээр ард нийтийн санал асуулга явуулахаар болж, тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцаан татаж буйг онцлоод ард нийтийн санал асуулгад засаглалын хэлбэрийг асуух тухай тогтоолын төсөл өргөн барихаар болсныг танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИРТОЙ ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулгын хүрээнд тогтоолын төсөл өргөн барихаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу парламентынх уу гэдгийг олон нийтээс асууй гэж байна. Хуулийн хүрээнд ийм боломж бий юү?
-Хуулиараа боломжгүй байхад ингэж үймүүлж болохгүй. Яахав Ерөнхийлөгчийн засаглалын тухайд би үгүйсгэдэггүй. Боломжтой хувилбар гэж хардаг. Гэхдээ энэ талаар ярих цаг нь одоо биш. Парламентын засаглал мухардалд ороод гарцгүй болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн засаглалын талаар авч үзэж болох юм. Гэтэл бид гацаанаасаа гарахын тулд л Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Бид УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, дуусгалаа. Миний хувьд харьцангуй боломжийн өөрчлөлт болсон учраас үүнийгээ тодорхой хугацаанд мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байна. Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиар засаглалын хэлбэрийг асуух нь боломжгүй зүйл.
-Боломжтой гэж үзээд тогтоолын төслөө өргөн барьчихлаа шүү дээ?
-Тогтоолын төсөл өргөн барих эрх нь бий. Манай хуульчид гаргалгааг нь хийх байх. Миний ойлгож байгаагаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гээд шийдчихлээ. Үүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг байнгын хороо төдийгүй УИХ-ын чуулганаар эцэслэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, дуусгасан. Энэ хэлбэрээр нь ард түмнээс асууна гэсэн үг. Түүнээс биш дуртай нь, хүссэнээ асуугаад байх боломжгүй. Түүндээ хүрвэл надад ч бас ард түмнээс асуух асуулт байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа ирүүлсэн. Түүнийхийг 62-ын төсөлтэй нэгтгээд гол хэлэлцүүлэг дууссан. Гэтэл үүний араас өөрийнх нь өгсөн саналын дийлэнхийг унагасан гэж үзээд татаж авсныг та хэрхэн харж байна вэ?
-Тийм биш, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс маш олон саналыг тусгасан. Тухайлбал, шүүх засаглалын тухайд хоёр үндсэн заалтыг дэмжсэн. Шүүхийн сахилгын хороотой болохоос гадна ШЕЗ-ийн гишүүдийн томилгоотой холбоотой заалтыг дэмжсэн. Баялгийн сантай болох Ерөнхийлөгчийн саналыг ч дэмжсэн. Энэ мэтээр маш олон саналыг дэмжиж, төсөлд багтаасан. Тиймээс ерөөсөө гомдох шаардлага байхгүй. Төрийн тэргүүний гаргасан бүх зүйл, заалтыг хэлэлцсэн. Авахыг нь авч, гээхийг нь гээсэн. Гээсэн ганц нэг асуудлаар далимдуулж улс төр хийж байгаа нь л энэ. Сонгууль дөхсөн учраас улс төр хийж байна гэж харахаас аргагүй. Хамгийн аюултай нь ийм явцуу эрх ашиг нь цаашдаа улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, төрийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлнэ. Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн үеэс “Та нар миний саналыг хүлээж авахгүй бол дараагийн улс төрөө хийнэ шүү’’ гэдэг дарамтыг Ерөнхийлөгч төдийгүй улс төрийн намуудын зүгээс шуудхан илэрхийлж байсан. Хүн бүрийн хэлснийг үг дуугүй тусгана гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ хуулийг танихын аргагүй болгочих гээд байна. Үүнийг ард түмэн ойлгох ёстой.
Ойлгож ч байгаа учраас УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хувьд ард түмэн надад, УИХ-ын гишүүдэд даалгавар өгсөн юм. Энэ даалгавраа л бид биелүүлж байгаа юм шүү дээ. Бидний зүгээс үүргээ биелүүлж байгаа. Үүнийхээ хариуцлагыг ч хүлээнэ. Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Хүн бүр дур зоргоороо аашилж, гаргасан санал бүрээ тусгуулна гэвэл юу болж таарах вэ. Ингэвэл Үндсэн хуулийг хууль биш болгочихно биз дээ. Хууль тогтоох эрх бүхий дээд байгууллага маш олон хоногийн турш хэлэлцлээ. Авах, гээхийн ухаанаар асуудалд хандлаа. Зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулж, ажилласан. Ийм олон талын оролцоотойгоор олон хоног, сараар хэлэлцэж байж шийдэлд хүрч байхад сүүлд нь гомдол гаргаад байх шаардлагагүй. Ард нийтээс санал асуугаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа баахан цэцэн мэргэн улс тэртэй тэргүй гарч ирэх нь тодорхой. Би ч тэгж хэлсэн, миний саналыг тусгаагүй гэх мэтээр эцэс төгсгөлгүй зүйл болно. Тиймээс ард нийтийнхээ саналыг асуугаад хууль тогтоох дээд байгууллагынхаа боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд явчих нь зүйтэй юм.
-Ерөнхийлөгчийн хажуугаар АН-ынхан бас саналаа татахаа мэдэгдчихлээ. Тэд мөн л гаргасан саналыг нь тусгаагүй гээд байгаа. Энэ бүгдийн цаана эрх баригч намынхан Үндсэн хуулийг дангаар хэлэлцэж байна гэж харагдуулах санаархал цухалзаад байх шиг?
-АН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт 90 хүртэлх хувиар оролцсон шүү дээ. Тэгсэн атлаа өнөөдөр саналаа татна гэж байгааг ойлгохгүй байна. Үндсэн хэлэлцүүлэгт бүтэн оролцчихоод дараа нь ийм зүйл ярьж байгаа нь монгол төрийг тоглоомынх болгоод байгаа юм уу. Дэндүү харамсалтай, гоомой мэдэгдэл хийж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, МАН ард түмэнд өгсөн амлалтдаа хүрэхээр ажиллаж байгааг онцолъё. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллагад ард түмэн үүрэг, даалгавар өгсөн, Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруул гэж. Эрх баригч нам ийм үүрэг авчихсан. Эцсийн хэлэлцүүлгийг хууль тогтоох дээд байгууллагаас гаргана. Тэгээд ч Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг орон даяар нээлттэй хийсэн, дараагийн шат руугаа орох гэж байна. Ийм үед АН-ынхан төдийгүй Төрийн тэргүүний зүгээс баашилж, башир арга хэрэглэх шаардлагагүй юм.
-Х.Баттулга Төрийн тэргүүн болсноос хойш Ерөнхийлөгчийн засаглалтай болох саналаа ил, далд илэрхийлж ирсэн. Энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд засаглалын хэлбэрийг шийдье гээд байгаа нь хувийн эрх ашгаа эхэнд эрэмбэллээ гэж хардахад хүргэж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Тийм учраас л би хувьдаа Ерөнхийлөгчийн засаглалын тухай боддог юм. Тогтолцооны гажуудлаас болоод парламентын засаглал явахаа болилоо. Улс орон хөгжихгүй нь, хуйвалдаан төдийгүй идэж уух нь дэндлээ, тогтолцооны гажуудал бий боллоо гэж яриад байгаа. Ард түмний өмнө үүрэг хүлээсэн Ерөнхийлөгч өөр байж болох юм. Гэхдээ энэ талаар ярихаас урьтаад өмнөх түүхийг сөхье. Монголын нэн шинэ буюу 1921 оноос өмнөх түүхийг аваад үзэхээр төр барьж байсан Ерөнхий сайд нар маш хүнд дарамт шахалтад байсан ч эх орноо худалдаагүй. Амь нас нь эрсдэлд орсныг мэдсээр атлаа дараагийн хүндээ хэлэхээ хэлээд, захихаа захиад эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалаад ирсэн түүх бий. Ерөнхийлөгч гэдэг хүний хар толгой дээр улс орон гэх том эрх ашиг очвол эрх биш эх орноо худалдъя, заръя гэж бодохгүй болов уу гэдэг талаас нь бодож үздэг. Гэтэл нөгөө талдаа Ерөнхийлөгчийн засаглалыг маш олон хүн эсэргүүцдэг. 1992 онд Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь парламентын тогтолцоо. Засаглалын энэ хэлбэрээ цааш нь улам боловсронгуй болгоод явах нь зүйтэй гэдэг саналыг би хувьдаа хүндэтгэнэ. Цаашдаа харин аль засаглал нь Монгол Улсад хэрэгтэй юм гэдгийг хүн бүр тал бүрээс нь бодож байх учиртай.
-Ерөнхийлөгчийн байр суурийг харахаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бус засаглалын хэлбэрт асуудлын гол нь байсан юм биш үү гэж дүгнэхэд хүргээд байна. Цаад зорилго нь энэ юм уу?
-Ерөнхийлөгч бид хоёр нэг тойргийнх. Би энэ хүний сонгогдсон тойргоос гарч ирсэн УИХ-ын гишүүн. Гэлээ гээд би Ерөнхийлөгчийг бүх зүйлд эсэргүүцдэггүй гэдгийг онцолж хэлье. Энэ хүний хэлсэн, хийж буй зөв үйл ажиллагааг дэмжээд л явдаг. Үнэхээр болохгүй зүйлд дуугарахаас өөр арга байдаггүй. Харамсалтай нь, ингэж дуугараад эхлэхээр Ерөнхийлөгчид муу, хувь хүнийхээ үзэл бодол, өс хонзонгоор асуудалд хандлаа гэдэг. Огт тийм зүйл байхгүй. Бид биенээ тэртэй тэргүй хүлээн зөвшөөрчихсөн. Ард түмний төлөөлөл болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг би хувьдаа хүндэтгэдэг. Мань хүн ч намайг хүлээн зөвшөөрч байгаа. Би тойрогт нь өрсөлдөөд ялчихсан хүн. Тиймээс бид хоёрт аливаад булаацалдаад, дараагийн сонгууль болтол үг шидэлцээд улс төр хийгээд байх шаардлага ерөөсөө байхгүй. Гагцхүү энэ хүний болохгүй, бүтэхгүйд дуугарахаас аргагүй болсон төдий л юм. Харамсалтай нь, ердөө л байр сууриа нээлттэй илэрхийлсний төлөө Ерөнхийлөгчийг эсэргүүцээд байгаа мэтээр нийгэмд харагдуулах, харлуулах оролдлогыг их гаргадаг. Ингэлээ гээд би дуугаа хураахгүй, хэлэхээ хэлээд л явна. Болчимгүй, бодлогогүй үг хэлж, үйл ажиллагаа явуулбал УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хэн ч байсан би хэлэхээ хэлнэ. Энэ бол ард түмний өмнө хүлээсэн миний үүрэг.
-Ард нийтээс санал асуугаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт явуулж дуусах үед МАН-ынхан энэ хуулийг ямар ч сөрөг хүчингүй, Төрийн тэргүүний саналгүйгээр баталсан гэх шүүмжлэл өрнөхөөр нөхцөл үүсчих шиг боллоо?
-Яг л ийм улс төр хийх гээд байна. Миний дээр хэлсэнчлэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээс эхлээд л “Миний, бидний саналыг хүлээж авахгүй бол дараагийн улс төрөө хийнэ шүү. Та нар үүнийг даагаарай” гэж заналхийлснээ хэрэгжүүлж, эхэлж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өөрсдийнхөө санааг хүчээр тусгуулах гээд байна шүү дээ. Энэ нь бүтэхгүй болохоор өмнө нь хэлсэнчлэн дараагийн улс төрөө хийж эхэлж байгаа нь энэ. Энэ бүгдийг Монголын ард түмэн маш сайн ойлгож байгаа. Ийм явуургүй улс төр хийж болохгүй. Ард нийтээс санал асуугаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулчихъя. Тогтолцооны гажуудал үүссэнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа учраас үүнийгээ засъя, төрийн механизмаа эргэлтэд оруулъя гэж байхад хоёрын хооронд улс төр хийгээд байж болохгүй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн’ сонин