Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүү магнайд хурдаллаа.
Хүй долоон худагт өнөөдөр болсон аз хийморийн бэлгэдэл соёолонгийн уралдааны аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Ч.Махбалын хүрэн ажнай тодров. Харин айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор ажнай хурдалж, торгон жолоо өргүүллээ.
Энэ жилийн соёолон насны төрөлд 247 хүлэг бүртгүүлснээс 155 нь шандас хурдаа сорьсон юм. Тухайлбал, ноднингийн хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн, бүсийн наадамд хоёр айрагдсан улсын алдарт уяач С.Мөнхбатын хар, бүсийн уралдааны хишигт улсын алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг алдарт хүлгүүд бүртгүүлжээ.
Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач А.Билгүүдэйн хурдан хонгор үрээ түрүү магнайд хурдалж,аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн зээрд үрээ тодорч, наадамчин олноо баясгаж байв гэж МОНЦАМЭ мэдээллээ.
С.Мөнхбаатар