Таван толгойн орд газрын гэрээ, ашиглалт хариуцсан сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг АТГ-аас барьж, саатуулсан боловч нэг хоногийн дараа шүүхийн шийдвэрээр сулласан. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр АТГ-т дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Тэрбээр энэ талаараа “АТГ-т ирж гэрчийн мэдүүлэг өгөөд гарч явна. Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлэн УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг хань татаж байгаа юм байна гэж ойлголоо. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хуулийн дагуу хэлээд гарч явна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед Эрдэнэтийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Тиймээс хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг гурван жилийн өмнөх миний байр суурь одоо ч хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш юм. Энэ газраас Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Өөрөө бол мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг чинь сүүлийн гурван жил өөрийн чинь УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс бүгд ойлгомжтой байгаа. Тиймээс эртхэн ирээд энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр мэдүүлгээ өгсөн нь дээр” гэлээ.
З.Энхболд мөн “Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирэх нь буруу биш. Гагцхүү улс авах уу, хувийн компани авах уу гэдгийг УИХ хэлэлцэж тухайн үедээ шийдвэрлэх ёстой байсан. Одоогийн УИХ Эрдэнэтийг улсад авъя гэдэг шийдвэр гаргасныг манай иргэд ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу байх ёстой. Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед Ч.Сайханбилэг эдлүүлээгүй. Худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруутгах үндэсгүй. Тиймээс энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж байгаа юм байна. Ажилд нь саад бололгүй хурдан шуурхай шийдвэрлүүлье” хэмээн мэдэгдлээ.
З.Энхболдын ярианаас үзвэл Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа, З.Энхболд УИХ-ын дарга байхдаа мэдэж байсан, бараг надад чиглүүлж өгсөн гэх утгатай зүйл ярьсан бололтой.
С.Болд