Монгол Улсаа төлөөлөн гадаадад суугаа дипломат байгууллагын ажилтнууд хууль бус асуудалд орооцолдох нь улсын нэр хүндтэй холбоотой асуудал учраас нийгэм ихэд эмзэг хүлээж авдаг. Өнгөрөгч тавдугаар сарын 3-нд манай улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолоочийн хамт БНЧУ-аас ХБНГУ руу дипломат албаны машинтай нэвтэрч байх үедээ саатуулагдсан. Тэднээс 70 килограмм героин буюу мансууруулах бодис илэрсэн бөгөөд тус улсын хуулиар саатуулагдаад байгаа юм.
Энэ талаар БНТУ-ын Истанбул хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Ийм зүйл болсонд Монголын ард түмнээс уучлал гуйж байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм явдал болсонд үнэхээр харамч байна. Гэхдээ миний бие ажлаа өгөөд удаж байгаа. Аль гуравдугаар сарын 8-нд намайг чөлөөлөх Засгийн газрын тогтоол гарч, би дөрөвдүгээр сарын 03-нд эх орондоо ирсэн. Тэрнээс хойш юу болж байсныг мэдэхгүй. Ажлаа өгсөн учраас төлөөлөгчийн газартай холбогдож байгаагүй. Б.Баттүшигийн хувьд ажлаа сайн гүйцэтгэж байсан. Харин С.Эрдэнэбаяр гэдэг хүн аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирсэн юм. Энэ хоёр хүн баригдаад, саатуулагдахаасаа өмнө над руу холбогдсон нь үнэн. Би Монголд байсан учраас Герман дахь Монголын Элчин сайд руу яриад манай төлөөлөгчийн газрын хоёр хүн асуудал гаргасан байна. Анхаарал хандуулаарай гэж хүссэн. Одоо хэргийг хуулийнхан шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
С.Бат