Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр болов. Энэ жилийн ХОМ-ийн хураангуйг ирэх сарын 5-наас нийтэд мэдээлнэ хэмээн тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэв.
Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, “Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны гуравдугаар сард нийт 408 хэрэг мөрдсөн бөгөөд 13 буюу шалгасан хэргийн 3.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 44 буюу шалгасан хэргийн 10.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 7 буюу шалгасан хэргийн 1.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, нэг хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг үүсгэх шатны 287 хэрэг, мөрдөн байцаах шатны 56 хэрэг байна. Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг ирэх сарын 5-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны хооронд АТГ-ын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Өмнөх жилийн адилаар улсын хэмжээний нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг хуваарийн дагуу цахим хуудсанд байршуулах болно” хэмээв. Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг шалгаж байгаа мэдээлэл байна?
-ЖДҮХС-гаас албан тушаалаа урвуулан зээл авсан гэх хэрэгт дөрвөн гишүүнийг татсан. Нэг албан тушаалтныг бусдын нөлөөнд автаж, хууль бус шийдвэрээр зээл олгосон гэх асуудлаар шалгаж байна. Ингээд дээрх таван УИХ-ын гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа. Прокурор хянаад, удахгүй дээрх хэрэг шийдэгдэх байх. Энэ хэрэгтэй холбоотойгоор, зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэж болохгүй. Албан үүргээ гүйцэтгээд, зээлээ зориулалтын дагуу зарцуулж байгаа бол гэмт хэргийн шинжэй гэж үзэхгүй юм.
-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг юу болсон бэ?
-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотой гурван багц асуудлыг шалгаж байна. Тодруулбал, арилжааны банкуудад хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж, орон сууц худалдан авсан, гэрээ, хэлцэлтэй холбоотой зэрэг гурван асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Австри улс руу санхүүгийн хамтарсан ажиллагаа явуулах хүсэлтээ тус улсын хуулийн байгууллагад өгснөөр, тодорхой нотлох баримт бидэнд ирсэн. Эл хэргийг хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг юу болж байна вэ?
-Д.Дорлигжавд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Гадаад улсын мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудтай хамтран хэргийг мөрдөж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг тухай бүрт нь өгнө.
-С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудал сөхөгдсөн. Танай байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа юу?
-С.Зориг бусдын гарт амь насаа алдсан хэрэг гурван шатны шүүхээр таслагдсан. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Харин хэргийг шалгаж байх явцад гүйцэтгэх ажлын журам зөрчиж, яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудыг 15 хоногоор цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа. Тэднийг хууль зөрчсөн гэх нотлох баримт бидэнд ирсэн. Нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх ажил хийж байна. Гүйцэтгэх ажил болон нууцад хамаарах хэрэг тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Зарим нэр бүхий шүүгчийг шалгуулах талаар хэвлэлээр мэдэгдсэн. Манайд бол шалгуулахаар баримт ирээгүй. Харин зарим шүүгч өөрийгөө шалгуулахаар хандсан байгаа.
-Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн асуудал юу болсон бэ?
-АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст дээрх асуудлаар хоёр төрлийн асуудал шалгагдаж байгаа. Нэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нар буюу хөрөнгө орлогын мэдүүлгийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зарим хөрөнгөө мэдүүлээгүй шүүгчдийн асуудал юм. Нөгөө нь хэрэг маргааныг хянан шийдвэрлээхдээ бусдаас авлигал авсан байж болзошгүй шүүгч нарын асуудал байна. Ингээд АТГ-аас өнөөдрийн байдлаар найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагад саналаа хүргүүлээд байна.
–Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцар дахь дансны хуулгыг АТГ хүлээн авсан уу?
-Монгол Улс Швейцар улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй. Тиймээс тус улсад бие даан мөрдөн шалгах боломж байхгүй учир, Авлигын эсрэг хуульд заасан баримт бичгийг Швейцар улсын прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэ хүрээнд тухайн орны мөрдөн шалгах эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, түүний үр дүнд бий болсон нотлох баримтууд бидэнд ирсээр байна. Энэхүү бичиг баримтыг ГХЯ-аар дамжуулан АТГ хоёр хоногийн өмнө хүлээн авсан.
С.Мөнхбаатар /МОНЦАМЭ/