Улсын Их Хурлын өнөөдрийн (2024.08.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг онцоллоо. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой, бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгаа гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тэмдэглэсэн.
Ирэх 4 жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай байгаа боловч улсын төсвийн эх үүсвэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой юм байна.
Иймд нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн цогц реформыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлага үүссэн гэв. Энэ хүрээнд Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийн шинэ загварт тохирсон, эдийн засгийн нөөцөөр үсрэнгүй хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг олон улсын сайн жишигт нийцүүлэн боловсронгуй болгон өргөн барьжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангах төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагууд үйлчилж эхэлсэн. Уг хуулийн гол зорилго нь эдийн засгийг уул уурхайн мөчлөг дагасан савлагаанаас хамгаалж, төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ба төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцож, тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах, төсвийн зарлагын өсөлтийг уул уурхайн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хязгаарлах, нэгдсэн төсвийн тэнцэл, Засгийн газрын өрийн хязгаарыг тогтоох замаар хэрэгжүүлж ирсэн болохыг Б.Жавхлан сайд танилцуулсан.
Тухайн үед буюу 2013 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 19.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.9 их наяд төгрөг, гадаад худалдааны нийт эргэлт 6.1 тэрбум ам.доллар байсан бол 2023 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3.7 дахин өсөж 70.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.9 дахин өсөж 23.3 их наяд төгрөг, гадаад худалдааны нийт эргэлт 2.3 дахин өсөж 24.4 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн багтаамж 2-3 дахин тэлсэн гэдгийг төслийн танилцуулгын үеэр Сангийн сайд онцолсон юм. Мөн дахин сэргээгдэхгүй уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах Ирээдүйн өв санд 3.4 их наяд төгрөг, уул уурхайн үнийн хэлбэлзлээс хамгаалж, төсвийг тогтворжуулах зорилготой Тогтворжуулалтын санд 1.3 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагууд төсвийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэмээн үзжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ийн 30 хувиас хэтрүүлэхгүй байлгах, байнгын шинжтэй, тогтмол гардаг төсвийн урсгал зардлыг эдийн засгийн багтаамжийн тодорхой хувиар хязгаарлах, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ийн 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байлгаж, дотоод эдийн засгийн нөөц сууриас бүрдсэн тэнцвэржүүлсэн орлогын эх үүсвэрээр төсвийн зардлыг хязгаарлаж, суурь тэнцлийн ашгийг тооцох ба уг эх үүсвэрээр өрийн үндсэн төлбөрийг төлөх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр тооцох зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар төслүүдийг боловсруулсан байна. Түүнчлэн өнгөрсөн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан зарим өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, хор уршигийг багасгах зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухaй хуулийн төсөлд нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 27.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34.4 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байж, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн хэмжээг 47.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр тооцжээ.
Төсвийн байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав. Байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Түвшин, С.Эрдэнэболд, С.Зулпхар, О.Саранчулуун, О.Цогтгэрэл, Л.Соронзонболд, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Д.Пүрэвдаваа, Ж.Золжаргал, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Сангийн сайд Б.Жавхлан болон Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Б.Батбаатар, Д.Пүрэвдаваа нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 111 гишүүний 59.5 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжсэн болохыг тэмдэглээд тус хөтөлбөрт туссан асуудлуудын ТЭЗҮ, зураг төсөв, олон улсын зөвлөх үйлчилгээний асуудлууд болон олон улсын эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын зөвлөмж авах асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, төсвийн тодотголын төслийг боловсруулснаа танилцуулав.
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх, эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай арга хэмжээ авахад шаардлагатай зарим эрх зүйн зохицуулалтыг мөн тусгасан гэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн улс орны өмнө тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, мега төслүүдийг хэрэгжүүлж, гацааг гаргах үндсэн суурийг тавьж, төсвийн тогтвортой байдлыг дунд урт хугацаанд хадгалах төсвийн шинэчлэл болж байгаагаараа онцлогтой хэмээн Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Төсвийн тодотголын төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үргэлжлүүлэн танилцуулсан юм.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөө арилж, улс орнуудын мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляц саарсан нь ажил эрхлэлт, өрхийн хэрэглээг дэмжиж, дэлхийн эдийн засаг 2023 онд 3.3 хувиар өссөн байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг Олон улсын валютын сан 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд тогтвортой байхаар тооцсон аж. Инфляцын бууралт нь мөнгөний бодлогыг сулруулж, эдийн засгийн идэвхжилийг дэмжихээр байгааг Сангийн сайд хэлээд “Хөгжингүй орнуудын эдийн засаг ирэх дөрвөн жилд 1.8-2.0 орчим хувь орчимд, хөгжиж буй орнуудын эдийн засаг дунджаар 3.9-4.2 орчим хувиар өсөх төлөвтэй хэмээн мэргэжилтнүүд, судлаачид дүгнэсэн” гэв.
Манай улсын хувьд уул уурхайн салбарын экспортын сэргэлт 2023 онд үргэлжилж, төсөв, төлбөрийн тэнцэл түүхэнд байгаагүй ашигтай гарсан нь эдийн засаг 7.4 хувиар өсөх нөхцөл болсон байна. 2024 оны эхний улирлын байдлаар эдийн засаг 7.8 хувиар өссөн ба энэ онд 5.6 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Зудын улмаас улсын хэмжээнд 8.1 сая толгой мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарт агшилт үүссэн ч уул уурхайн салбарын сэргэлт нь бодит өсөлтийг тэтгэх үндсэн хүчин зүйл болсон байна.
2024 оны эхний 7 сард нүүрсний экспорт өмнөх оноос 34 хувиар өсөж, нийт 47.5 сая тн-д хүрсэн ба оны эцэст 78 сая тн-д хүрэх, Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эхэлсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр уул уурхайн салбар энэ онд 13.5 хувиар өсөх хүлээлттэй байгаа юм байна. Мөн уул уурхайн салбарын дам нөлөөгөөр ачаа тээвэр өсөлттэй байх бол жуулчдыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийн нөлөөгөөр 2024 оны сүүлийн хагас жилд аялал жуулчлал, үйлчилгээний салбар өсөх хүлээлттэй байгааг Сангийн сайд илтгэлдээ дурдав. Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, 2024 оны II улирлаас нэмэгдсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нөлөө өрхийн хэрэглээг дэмжиж, дотоод эрэлтийг урамшуулснаар худалдаа, үйлчилгээний борлуулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтөд мөн эерэг нөлөө үзүүлжээ.
Импортын инфляцын нийт инфляцад үзүүлэх нөлөө 2023 оноос алгуур буурч тогтворжсоноор инфляцын түвшин саарч, 2024 оны 06 дугаар сард 5.1 хувь буюу мөнгөний бодлогын зорилтот түвшинд хүрсэн байна.
Олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийг дунд хугацаанд 6-8 хувиар өсөх төлөвтэй гэж үзэж байгаа ч дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, хөрш орнуудыг хамарсан геополитикийн хүндрэлтэй асуудлууд нь манай улсад орох хөрөнгийн урсгал, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт болон үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг Б.Жавхлан сайд танилцууллаа. Гадаад орчны эдгээр тодорхой бус байдал, эрсдэлт цаг үед улс орны өмнө тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг 6 хувьд тогтворжуулах, ДНБ-ийг 47.6 тэрбум ам.долларт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянга ам.долларт хүргэх, ядуурлыг хоёр дахин бууруулах зэрэг урт хугацааны хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хурдтай, зоригтой эрс шийдэврийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх шаардлага байгааг тэрбээр тэмдэглэсэн.
Хамтарсан Засгийн газар хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилт тавьсан. Мөн хувийн хэвшил, гадаадын шууд хөрөнгө оруулалтад ил тод, нээлттэй байж, тэднийг дэмжих төсвийн бодлогыг зоримог тавих шаардлага үүссэн гэв.
Түүнчлэн, хүн амын өсөлт, шилжих хөдөлгөөний эрчим нь газар олголт, гэр хорооллын тэлэлт, тээврийн хэрэгслийн тооны өсөлтөөс улбаатай орчны бохирдол, авто замын түгжрэл, цахилгааны болон дулаан хангамжийн дутагдал, гамшгийн эрсдэл, хөдөөгийн хөгжлийн хоцрогдол зэрэг асуудал нь нь хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг хамтарсан Засгийн газар онцгой анхаарч, шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байгааг Б.Жавхлан сайд төслийн талаарх танилцуулгадаа онцолж байв. Дээр дурдсан хөгжлийн асуудлуудыг дан ганц төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж, шийдвэрлэхийн сацуу гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжинэ хэмээлээ.