Ард түмэн сонголтоо хийлээ. Жагсаалтаар авсан саналын тухайд МАН тооцоолж байснаас бага дэмжлэг авав. Учир нь хуучин улстөрчдөө тойрог руу хөөгөөд дандаа өндөр боловсролтой гэх шинэ залуусаар жагсаалтаа бүрдүүлж, үүн дээрээ дөрөөлж үнэмлэхгүй олонхи болно гэж тооцоолсон. Гэхдээ сонгогчид МАН-ын жагсаалтад зоосон залууст төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Хэрвээ өндөр боловсрол гэдэг шалгуурыг нь онцолж харсан бол жагсаалтаар авах санал нь 60-80 хувьд хүрэх байв. Харин ч “Юу л бол доо” гэж бодож байсан хуучин кадрууд нь “фронтод тулалдаад” ялалт байгууллаа.
АН-ын тухайд амаргүй нөхцөл байдалд сонгуулийг өндөрлөж, сонгогчдоос чамлахааргүй өндөр хувийн дэмжлэг авч чадлаа. Өрсөлдөгч нам, эвсэлүүдийн дайралтаас гадна дотроо хэрүүл зодоонтой байсан нь нэр хүндэд нь мэдээж таагүй нөлөөлсөн. Лу.Гантөмөр үүнийг хүлээн зөвшөөрч “Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, магадгүй сонгуулийн дундуур ч АН-ын гишүүн, бидний хамтран зүтгэгч зарим хүн намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал асар их өрнөлөө. Үүнд маш их харамсаж байгаа” гэж тодорхой хэлээд авна лээ.
Нам доторх үзэл бодол, эрх ашгийн зөрчил нь нэлээд чангаасан ч ард түмэн ардчиллыг, өөр үр дүнг хүсэн хүлээж байснаа АН-д өгсөн саналаараа илэрхийлэв. АН-ын хувьд нэр дэвших процесс дээрээ алдаа гаргаж, нүдээ олоогүй сонголт хийсэн нь үнэн. Өөрөөр хэлбэл, АН-ын үйл хэрэгт оролцож яваагүй, гэнэтхэн л тооноор ороод ирсэн шахаанууд нь тус биш ус болсон нь хэнд ч ил байв. Нам доторх олон француудын эрх ашгийг хангах ямар хэцүү байсныг Лу.Гантөмөр яс махандаа тултал ойлгож, мэдэрсэн нь тодорхой байна. Тэрбээр Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дээр хуваагдсан зөрчил, мөргөлдөөний учрыг олох гэж тамираа барах шахсан нь мэдээж. Одоо АН-ыг олон сонирхолтой үйл явц, өөрчлөлт хүлээж байна. Ц.Элбэгдорж Америкаас бодлогоо хэрэгжүүлнэ, Х.Баттулга барьцаа лавшруулах гэж зүтгэнэ. Аль, аль нь бууж өгөхгүй. Үүнээс болоод мөн л эцэс төгсгөлгүй “дайн” дахиад өрнөх магадлалтай. Удахгүй Лу.Гантөмөрийг огцруулах хөдөлгөөн эхлэх л болов уу. УИХ-д 10 суудалтай байсан намыг 43 болгосон гэж гүрийгээд ч нэмэргүй.
Пропорциональ системийн буянд хоёр ч нам УИХ-д суудалтай боллоо. Үндэсний эвсэл, ИЗНН-д сонгогчид харамгүй санал хайрлав. ШИНЭ нэгдсэн эвсэл ч босго давах тун дөхлөө. ХҮН нам жагсаалтаар авсан саналаараа хоёр том намын дараа гуравдугаарт орж ирэв. Уг нь энэ дөрөв тус тусдаа тоглолт хийж байхын оронд нэгдээд, сонгуулийн тактиктаа оновчтой боловсруулсан бол юм дуулгах л байж. Даанч бие даасан амбиц нь тийм боломж олгосонгүй. Монголын улстөрд салангид олон жижиг намууд байр сууриа олох боломжгүйг аль 2000 онд ойлгуулсан шүү дээ.
Д.Лхагвадорж