Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар манай улсад дэлхийн 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ирээд байна. Дээрх тооны төлөөлөл Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байгааг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр мэдээллээ.
Мөн энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч ирж, олон улсад мэдээлнэ гэдгийг дуулгалаа. Үүнд Киодо ньюс, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse зэрэг мэдээллийн агентлаг, телеизийн сэтгүүлч сурвалжлагч нар орж байна.
Түүнчлэн манай улсад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Инсик Жан тэргүүтэй төлөөлөл, Европын парламентын гишүүд, ОХУ, Казахстан, Гүрж, Узбекистан, Киргиз, Энэтхэг, Филиппин улсын Сонгуулийн байгууллагын гишүүд ирээд байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн, Г.Байгальмаа нар төлөөлөгчдийг өнөөдөр тус бүр хүлээн авч уулзлаа.
Узбекистан улсын Сонгуулийн төв комиссын дарга Зайниддин Низамходжаев уулзлалтын үеэр Узбекистан улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үеэр хоёр орны хооронд хамтын ажиллагааны олон санамж бичиг байгуулсны нэгэнд Монгол-Узбекистаны сонгуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа орж байгааг онцлон хэллээ. Тэрээр, энэ оны 10 дугаар сард болох парламентын сонгуулийн үйл ажиллагаанд Монгол Улсын СЕХ-ны удирдлагыг урилаа.
ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос тус байгууллагын гишүүн А.Б.Курдюмов, хатагтай Т.М.Райдер нар ирээд байна. ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн А.Б.Курдюмов Монгол Улсад анх удаагаа ирж байгаагаа хэлээд, Монгол орон, Улаанбаатар хот маш хурдан хөгжиж буйг харлаа. Яг л Европын оронд ирсэн мэт сэтгэгдэл төрж байна. Манай хоёр улсын сонгуулийн байгууллага олон жил уламжлалт харилцаатай явж ирсэн. Бид ОХУ-ын Сонгуулийн төв комиссын даргын мэндчилгээг хүргэж, ОХУ-ын Төрийн думын буюу парламентын сонгуульд монгол нөхдөө урилаа гэв.
Тэрбээр, маргааш сонгуулийн санал өгөх өдөр бид нийслэл хотод сонгуулийн хэд хэдэн хэсгийн хороогоор орж санал өгөлтийг ажиглана. Мөн Төв аймагт ажиллана. Сонгуулийн дүн гарах хаалтын ажиллагаанд оролцоно. Монгол Улс хуулийн хүрээнд сонгуулийн зарчмаа нягт баримтлан сонгуулийг зохион байгуулж буйг онцлон хэллээ.
Филиппин улсын Сонгуулийн төв хорооны гишүүн, хатагтай Аймэ Д.Фэролино УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны нэг хэсэг, өнөөдөр болж буй сонгуулийн саналыг зөөврөөр авч байгааг ихэд сонирхож байгаагаа илэрхийлэв. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит сонгуулиар 16.352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гарган ирүүлснийг мэдээлж, өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна гэдгийг танилцууллаа.
Манай улсад УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар Европын парламентын гишүүдээс гадна Казахстан улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Асылбек Смагулов, Гүрж улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Арчил Анасашвили, Иванэ Норакидзе, Киргиз улсын Сонгуулийн байгууллагын гишүүн Кайрат Маматов тэргүүтэй төлөөлөл, Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Ражив Кумар тэргүүтэй төлөөлөл мөн ирээд байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.