Өвөрхангай аймгийн Сант суманд болсон харамсалтай хэрэгтэй холбогдуулж УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, Батлан Хамгаалахын Сайд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах улстөрийн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр нэр дэвшигч Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийнхөө өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Миний бие хууль хяналтын бүх шатны байгууллагад хандах болно. Л.Гантөмөр, С.Ганбаатар нартай улстөрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудлаар олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна” гэлээ.
Г.Сайханбаяр нас барсан, шүүхийн шийдвэр гарснаас өөрөөр Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчийг татах тухай асуудал байхгүй тул МАН-ын сонгуулийн төв штабын шийдвэрийг биелүүлэхгүй, УИХ-ын 2024 оны сонгуульд хэвийн оролцож, өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд нийт нэр дэвшигчиддээ ёс зүйтэй өрсөлдөхийг уриалав.