Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагчаар ажиллаж байсан иргэн АН-ын штабын ажилтны амь насанд хохирол учруулсан хэрэгтэй холбогдуулж МАН шуурхай арга хэмжээ авч нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг сонгуулийн өрсөлдөөнөөс татаж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан “Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан болно. Хуулийн хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн бусад нам болон нэр дэвшигчдэд уриалж байна” хэмээн мэдэгдлээ.