Япон, Умард Солонгосын төлөөлөгчид тавдугаар сарын дундуур Монголд нууцаар уулзсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Улаанбаатар хотын ойролцоо болсон уг уулзалтад Японы нэг улстөрч, Умард Солонгосын гурван төлөөлөгч оролцсоны нэг нь тус улсын тагнуулын ерөнхий газартай холбоотой хүн байсныг Жүнан Илбо сонин хэд хэдэн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Өчигдөр Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши сэтгүүлчидтэй Токио хотод уулзах үеэрээ дээрх мэдээний талаар мэдэж байгаа ч “асуудлын мөн чанар”-ын улмаас ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.
Хоёр улсын хооронд 1970-1980-аад оны үед Умард Солонгосын тусгай албадын хулгайлсан Японы иргэдийн асуудал хурцаар яригддаг. Умард Солонгосын дэглэм тагнуулын ажилтнууддаа япон хэл, соёл сургах зорилгоор тэднийг хулгайлсан гэдэг.
Токиогийн эрх баригчид хулгайлагдсан иргэдээ буцааж авах арга замыг олон жилийн турш хайж байгаа ч Пёнян энэ талаар хэлэлцэхээс татгалзсаар ирсэн юм.
2023 оны тавдугаар сард Японы ерөнхий сайд Фүмио Кишида уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.
Энэ оны хоёрдугаар сард Ким Жон Уны төрсөн дүү, тус улсын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын өндөр албан тушаалтан Ким Ёо Жон хэрвээ Токио хулгайлагдсан иргэдийн асуудлыг хоёр улсын харилцаанд саад болохгүй гэж үзвэл Пёнян хотод Кишида айлчлан ирэх боломжтойг мэдэгдсэн юм.
Гэхдээ удалгүй гуравдугаар сард хийсэн ээлжит мэдэгдэлдээ тэр “хэзээ ч шийдэгдэх боломжгүй асуудалтай зууралдсаар байгаа” Токиогийн эрх баригчдыг шүүмжлээд “Японы талтай ямар ч харилцаа тогтоох, яриа хэлэлцээнд орохоос татгалзах болно” гэж мэдэгджээ.
Тавдугаар сарын 11-нд хулгайлагдсан иргэдийн төрөл төрөгсөд засгийн газраасаа арга хэмжээ авахыг шаардахад Кишида дээд хэмжээний уулзалтыг бодитой болгохын төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг амлаж байв.
Япон, Умард Солонгос улсууд хоорондоо дипломат харилцаагүй.
Нийт 17 иргэнийг нь Умард Солонгосын тал хулгайлсан гэж Токио албан ёсоор үздэг юм. 2002 онд хоёр улсын удирдагчид түүхэндээ анх удаа Пёнянд уулзаж байлаа. Энэ уулзалтаар тухайн үеийн Японы ерөнхий сайд Жүничиро Коизүми, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ил нар тохиролцсоны дагуу хулгайлагдсан иргэдийн тав нь эх орондоо буцсан юм.
Эх сурвалж: Kyodo News
https://english.kyodonews.net/news/2024/06/d525d86a2c41-japan-n-korea-held-secret-meeting-in-mid-may-s-korea-newspaper.html