Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ястны өлгий Ховд аймгийн Ховд хотноо иргэд, сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх сонгууль гэдгийг Ховд нутгийн зон олонд тодотгоод ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш. Ардчиллын үнэт зүйлээ авлигаар сольж, албан тушаалд нүдээ сохолсон хэн нэгэн хүний хувийн өмч биш. Түүнийг хамгаалах цайз ч биш. Ардчилал бол энгийн иргэнийг эрүүдэн шүүх тусгай эрх биш ээ. Тийм учраас ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ Монголд шаардлагатай байна. “Шинэ сэргэлтийн бодлого” бол авлигатай нам харгалзалгүй тэмцэх реформ юм гэлээ.
Уулзалтын үеэр улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон, нөгөөтэйгүүр улс орны хэтийн хөгжилд хэрэгтэй чухал шийдвэр байсныг ховдчууд хэлж, талархан хүлээн авч байв. Монгол Ардын нам инженерүүд, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хилийн чанадад амьдарч буй иргэд, хувийн хэвшил, үйлдвэрчин, Шинжлэх ухааны академийн төлөөллөөс намынхаа жагсаалтад багтаасан.
УИХ-ын сонгуулийн II тойрог буюу баруун бүс 10 мандаттай. Тус тойрогт нэр дэвшигчдийг Ерөнхий сайд танилцуулж, яагаад багаар нь дэмжих ёстойг тайлбарлалаа. Тодруулбал,
“Хотыг 20 минут, Хөдөөг хоршоолно”. Хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН-г нэр дэвшүүлж байна. Хөдөөг хоршоолох эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд түүнийг дэмжихийг ховдчуудаас хүслээ.
Авто замын ТАВАН ТОЙРОГ хөтөлбөр, аймаг сумдыг, цаашлаад Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болох ажлуудыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй оролцох улстөрч гэж үзэн Сандагийн БЯМБАЦОГТ-ыг нэр дэвшүүлсэн.
Улс орны эдийн засагт хүндрэл үүссэн, дэлхий нийтэд болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой бэрхшээл, сорилтууд тулгарсан хамгийн эгзэгтэй үед хариуцлагатай алба, үүргийг хүлээн авч, оновчтой бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг сэргээх, тогтворжуулах чиглэлд бодитой үр дүн гарган ажиллаж ирсэн Чимэдийн ХҮРЭЛБААТАР-ыг баруун бүсэд нэр дэвшүүлж байна.
Амгалангийн дулааны станц, зүүн бүсэд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, баруун бүс нутагт Эрдэнэбүрэн УЦС төслийг эхлүүлсэн. Цаашид эрчим хүчний төслөө амжилттай хэрэгжүүлэхэд энэ салбарын туршлагатай хүн хэрэгтэй. Иймээс парламентын туршлагатай гишүүдийн нэг Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН-г нэр дэвшүүлж байна.
Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд залуучууд. Боловсрол, соёл, нийгмийн салбарын бодлогыг шинэ түвшинд гаргахгүйгээр бид улсын ирээдүйг гэрэлтэй цогцлоох боломжгүй. Тийм ч учраас Балжиннямын БАЯРСАЙХАН-ыг нэр дэвшүүлсэн.
Энхбатын БОЛОРМАА бол баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд түүний боловсрол туршлага хэрэгтэй гэж нэр дэвшүүллээ.
Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ-ийг нэр дэвшүүлж байна.
Мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН-ыг нэр дэвшүүллээ.
Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан. Мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд Сэрээжавын ЭНХБОЛД-ын туршлага хэрэгтэй гэж нэр дэвшүүлсэн.
Ирэх 4 жилд бүсчилсэн хөгжлийн реформ, бүсчилсэн татварын бодлогыг батлан хэрэгжүүлэх, бүсүүдэд хөрөнгө оруулалт татах зэрэг мөрийн хөтөлбөрт туссан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд илүүтэй чиглэнэ. Иймээс татварын хуулиудын реформ хийхэд гар бие оролцож, татварын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажилд манлайлан ажилласан туршлагатай төрийн албан хаагч Батжаргалын ЗАЯАБАЛ-ыг нэр дэвшүүлж байна.
Ерөнхий сайд Эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарлалаа.
Ховд аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 856.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал,
-Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, Тендэр шалгаруулалт зарласан.
-Жаргалант суманд гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугам сүлжээ холбох ажил хийгдэж, одоогоор 500 гаруй өрх хамрагдсан.
-Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилгын Зураг төсвийг бүрэн хийлгэж дууссан.
-Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлсэн.
-Ховд-Дөргөн сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны 40.7 км зам барилгын төслийг эхлүүлсэн.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто зам, Мөнххайрхан сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын тендер сонгон шалгаруулалтыг тус тус зарласан.
-“Шинэ Ховд” үйлдвэр технологийн парк байгуулах төсөл болон “Ховд дулааны станц”-ын өргөтгөл шинэчлэлийн төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд Монгол Ардын намын энэ 10 нэр дэвшигчийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.