МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж УИХ, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжсэн билээ. Өнөөдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Үргэлжлүүлээд чуулганы нэгдсэн хуралдаан болж түүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувийн саналаар УИХ-ын шинэ даргаар сонголоо.
Г.Занданшатар нь 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Мөн 2012 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг төгссөн. 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг, бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банкинд Эдийн засагч, валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол банкны Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 2000-2003 онд ХААН банкны дэд захирал, 2003-2004 онд ХХАА-н дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнгийн судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй юм. Г.Занданшатар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн фракцийн хүн гэгддэг.
Л.Дорж