УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо 01 дүгээр сарын 11-ний 02 цаг хүртэл хуралдаж нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ. Улмаар гишүүн тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цагт эхэлж уг асуудлыг гишүүн тус бүр дээр хэлэлцэхэд гишүүдийн олонх нь Байнгын хороодын санал дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэдэг асуудалд унаад буй уг гишүүд ч прокуророос гаргасан үндэслэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, гишүүн Д.Дамба-Очир “Зээл авсан компани надад хамаагүй. УИХ-ын гишүүн хүн тойргийнхоо аж ахуйн нэгж, иргэдэд туслах үүрэгтэй. Тэр утгаараа л зээлийн асуудлыг шийдэж өгөөч гэдэг бичиг явуулсан юм. Энэ их сургамжтай зүйл боллоо. Би гишүүдийн өмнө, тойргийнхоо сонгогчдын өмнө, бүх хүмүүсийн өмнө эвгүй байдалд орлоо” гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Т.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар бүрэн эрхтэйгээ үлдлээ. Үг хэлсэн гишүүдийн байр сууринд анализ хийх шаардлага байсангүй, “60 тэрбумынхан” нь “ЖДҮ”-чдээ буруутгаж, “ЖДҮ”-чид нь “60 тэрбумынхан”-тайгаа барьцсаар асуудал өндөрлөсөн юм. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын талынхан эсрэг санал өгч, У.Хүрэлсүхийн бүлгийнхэн “нөхдөө” авч үлдсэн гэсэн үг.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын томилгоог хэлэлцэж байна.
Д.Дорж