МАН-ын Бага хурлын 3 дугаар хуралдаан дээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Би М.Энхболд даргад та ч ажлаа өг. Би ч Ерөнхий сайдын албаа өгье гэж хэлсэн боловч ойлголцсонгүй” хэмээн мэдэгдсэн. Тийм яриа болсныг өнөөдөр өглөө УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ нотоллоо. Тэрбээр “Удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө намын дарга надад хандаж хоёулхаа ярилцах зүйл байна гэсэн. Тэгээд уулзахад та ч ажлаа өг. Би ч Ерөнхий сайдаасаа огцроё. Намаа бодоё гэх утгатай зүйл ярьсан. Хууль бус учир би хүлээж аваагүй. Харамсалтай нь тэр хүн үүнийгээ бид хоёрын дунд л үлдэх яриа гэсэн мөртөө өөрөө Бага хурлын гишүүдэд задалчихсан” хэмээн мэдэгдсэн. Үүнээс үзвэл хэрвээ спикер намын даргынхаа энэ хүсэлтийг хүлээж авсан бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа өгөх байж. Хуулиар бол Ерөнхий сайд огцорвол танхим автоматаар огцордог. У.Хүрэлсүх ийм л болзлыг тавьжээ.
Одоо тэгэхээр М.Энхболд өргөдлөө өгдөг юмаа гэхэд У.Хүрэлсүхэд огцрох болзол тавьж таарах биз. Байдал үүгээр ч зосгохгүй намын ээлжит бус онц Их хурлыг зарлан хуралдуулах шаардлага ч тавигдаж мэднэ. Намын даргаа солих гэж тэр шүү дээ.
Дашрамд дурдахад М.Энхболд өглөө хийсэн мэдэгдэлдээ “2006 онд би Ерөнхий сайд болохдоо АН-ыг танхимдаа оруулаагүй” гэсэн утгатай үг хавьчуулаад авна лээ. Үнэн хэрэгтээ тухайн үед МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Ц.Элбэгдоржийн Их эвслийн Засгийн газрыг огцруулж, МАН-ын шинэ дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилсон юм. Улмаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулна хэмээн парламентад суудалтай бүх намд хандаж хамтран ажиллах урилга хүргэсэн боловч АН энэ саналаас нь эрс татгалзаж сөрөг хүчний эгнээнд шилжиж байгаагаа зарлаж байлаа.
Намынхаа шийдвэрийг үл хүндэтгэж дур мэдэж М.Энхболдын Засгийн газарт орсон М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг нарыг АН эгнээнээсээ хөөж байсан юм. Харин энэ боломжийг Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар ашиглаж Засгийн газрыг гишүүн болж билээ.
Д.Лхагва