МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдаан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илтгэлээр эхэллээ. Энэ удаагийн Бага хурлын хуралдаан хаалттай болж байгаа учир дотоод уур амьсгал нь сэтгүүлчдэд мэдрэгдэхэд хэцүү байна. Тусгаар тогтнолын ордны 3 давхар хамгаалалтыг хэр баргийн хүн даван нэвтэрч чадахгүй дэмий л маргана. Хамгаалагчдыг гаднаас нь шинжвэл лав л цагдаагийн албан хаагчид биш, Төрийн тусгайгийнхан ч биш.
Уг байранд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч байгууллагууд энэ өдөр “түр зогсолт” авсан бололтой, үйлчилгээ авах хүмүүст “хөл хорио” тогтоожээ. Цагаан байшингийн үүдэнд хэдэн хүмүүс Ерөнхий нарийн бичгийн даргыг огцрохыг шаардаж байна. Хэвлэлийнхэн орж, гарах Бага хурлын гишүүдээс ярилцлага авахыг оролдож хаалттай хуралдааны талаар тандана. Энэ удаагийн хуралдаанаар Н.Номтойбаяр нарын хэд хэдэн гишүүдийг намын гишүүнчлэлээс хасах чигтэй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр тийм зүйл болохгүй гэнэ. Харин намын даргын эсрэг сөрсөн хүмүүсийг Бага хурлын гишүүнээс хасч магадгүй юм байх. МАН-ын Бага хурал бол тус намын шийдвэр гаргах түвшний нөлөө бүхий том бүтэц. Энэ утгаараа Бага хурлын гишүүнээсээ хасагдсан хүнд сонгуульд нэр дэвших боломж бараг л олдохгүй байж мэднэ.
Д.Дорж