Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбогдуулж УИХ-ын хянан шалгах түр хорооноос нээлттэй сонгол зохион байгуулж, нэр бүхий өндөр албан тушаалтнуудаас гадна томоохон зээлдэгч нарыг гэрчээр дуудан “байцааж” байгаа. Гэхдээ энэхүү арга хэмжээнд АН сэтгэл дундуур байгаа аж. Учир нь голдуу АН-ынхныг нэр цохож байгаа учраас нээлттэй сонсголд эгдүүцэх болжээ. Энэ талаар Нийслэлийн АН-ын дэд дарга гэх А.Цэрэнбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Тэрбээр “УИХ дээр нээлттэй сонсгол явуулж байгаа. Үүгээр нилээн хэдэн асуудал нээлттэй болж, иргэд бодит мэдээлэлтэй болж байна. Гэхдээ энэ бүх сонсголд яагаад АН-ынхныг алагчилж дуудаад байгаа юм бэ? МАН-аас төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүс алга байна. Нөгөө Сү.Батболд хаана байгаа юм бэ? Түүний үеэс Хөгжлийн банкны асуудал яригдаж эхэлсэн. Энэ сонсгол УИХ-ын сонсгол болохоос биш МАН-ын түр хорооны сонсгол биш. МАН-ын гишүүд АН-ыг гишүүдийг нам дээрээ дуудаж загнаж байгаа юм шиг харагдаад байна. 2017 онд гэхэд Хөгжлийн банкны зээлийг ТУЗ нь мэдэж өгдөг болсон. Ингэж шийддэг болсноор Хөгжлийн банкны хулгай гаарсан. Тийм учраас тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг энэ нээлттэй сонсголдоо гэрчээр дуудах хэрэгтэй. Ингэж байж сонсгол эрх тэгш, шударга, хараат бус болно” гэгчлэн байр сууриа илэрхийлэв.
Д.Бат