Х.Баттулгын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын эвлэрэлийн ажлын хэсэг байгуулагдаад тодорхой зөвшилцөлд хүрлээ. Нэгдүгээрт, АН-ын ажлын хэсгээс 2024 оны парламентын сонгуульд АН-ын нэр дэвшигчийг АН-ын ахмад, дунд шатны гишүүдээр хэлэлцүүлж, социологийн судалгаанд үндэслэж хамтарч тодруулахаар тогтлоо. Хоёрдугаарт, АН-ын бүтэц, зохион байгуулалтыг намын үндсэн дүрмэнд нийцүүлж хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн АН-ын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ-ы гишүүдийн ээлжит ротацийн сонгуулийг хамтарч зохион байгуулахаар болсон. Ажлын хэсгээс эв нэгдлийн ажил маш ахицтай явж байгааг мэдээлэхэд таатай байна. Ер нь С.Эрдэнийн тал, УИХ дахь АН-ын бүлэг, та нарын хэлдгээр Женкогийн тал нь ч эвлэрье гэдэг дээр санал нэгдсэн” гэлээ.
И.Мөнхжаргалын ярьснаар АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд эвлэрэлийн ажлын хэсгийг дэмжиж байгаа юм байх. Гэтэл хэд хоногийн өмнө УИХ дахь АН-ын нэг гишүүн болох Б.Пүрэвдорж “Х.Баттулга 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулах юмаа хийх гээд байна. Өнөөдөр дахиад эрх баригчдтай хамтарч тоглолт хийж 2024 онд АН-ыг ялагдуулах гээд явж байгаа. Үүнийг С.Эрдэнийн тал эсэргүүцдэг. 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан гол хүн нь Х.Баттулга. Ийм учраас энэ хүнийг АН-ын дарга болгохгүй хэт хатуу байр суурьтай хүмүүс С.Эрдэнийн талд байсан. Өнөөдөр тэр хүмүүс нийлээд, хамтраад явах тухай ярьж байна. Ийм гэмт хэргээрээ барьцаалагдсан увайгүй нөхдүүд 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулахаар зэргэцэн алхаж байна” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр дээр зөвшилцөл яригдаж байгаа ч өөр нэг эрх ашгийн төлөө зорьж яваа хэсэг бүлэг нь огт өөр зүйл яриад эхэлсэн билээ.
Д.Дорж