Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийхээр болов.
Энэ бямба гарагаас эхлэн даваа гараг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн. Олон улсад цаг уурын ноцтой өөрчлөлт гарах үед хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцон, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишгээр болзошгүй эрсдэлээс бага насны хүүхдийг сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү захирамжийг гаргаж буй.
Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүд бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн эл өдөр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах тул энэ хугацаанд гудамж, замыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авна гэж Нийслэлийн сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.