Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал татсан “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авлигын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгөв. Мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэв гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.