“Үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, хяналт шалгалтаа хийгээгүйтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, НМХГ, МХЕГ-ын хариуцлагатай зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө” хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Махны үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр манай дотоод хяналт шалгалтын байцаагчид ажилласан. Ингэхэд тухайн нутаг дэвсгэр дээр хяналт тавьсан нэр бүхий гурван байцаагч хяналт шалгалтын дүнгээр хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн байгаа. Тиймээс энэ гурван байцаагчийг ажлаас хална. Хоёрт, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа учраас хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно” гэв.
Юутай ч Эмээлт дэх махны үйлдвэрт хэрэг зөрчил илэрсэнтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүсийг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй хуулийн хариуцлага хүлээлгэх бололтой.
Д.Сүлд