Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (МГХНЗ)-ийн дарга Я.Бат-Ирээдүй Нэгдсэн зөвлөлийн даргын 014 /21, 016/ 21 тоот тушаалуудын дагуу анх удаа Зөвлөх мэргэжилтний эрх нь хугацаагүйгээр сунгагдаж байгаа 13 Зөвлөх мэргэжилтнийг хүлээн авч уулзан Батламжийг нь гардуулан өглөө.
Уулзалтанд Монгол Улсын Төрийн соёрхолт геологич С.Цэрэн-Очир, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Ухнаа, доктор, профессор, ахмад геофизикч П.Дугараа, ахмад геологич, доктор П.Шаандар, доктор, профессор, гидрогеологич М.Алей, доктор, гидрогеологич А.Түвдэндорж, ахмад гидрогеологич Д.Хатанбаатар, Ц.Баярням зэрэг геологийн салбарт 35- 53 жилийн ажил, амьдралаа зориулсан манай салбарын нэр хүндтэй, туршлагатай ахмадууд оролцож Зөвлөх мэргэжилтний батламжаа гардан авлаа.
Батламж гардуулах үеэр МГХНЗ-ийн дарга Я.Бат-Ирээдүй МГХНЗ-ийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл хийж, цаашид геологийн салбарын эрх ашгийн төлөө мэргэшсэн мэргэжилтэн, зөвлөх мэргэжилтэн болон нийт геологичидтойгоо бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Зөвлөх мэргэжилтнүүд Нэгдсэн зөвлөлөөс явуулж байгаа үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ салбарын цаашдын хөгжил, дэвшлийн төлөө өөрсдийн бодол саналаа илэрхийлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэв. Тэд Монголын геологийн холбоод нэгдэн нэгэн дээвэр дор үйл ажиллагаагаа явуулж байгаад ихээхэн талархалтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд уулзалт элэгсэг дотно, харилцсан ойлголцсон уур амьсгалд болов. Батламж гардуулах уулзалтад МГХНЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ оролцлоо. Батламжаа гардан авсан Зөвлөх мэргэжилтнүүддээ МГХНЗ-ийн зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөв.
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ