АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож байна. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2018 оны 9 дүгээр сард хийсэн ажлын талаар мэдээлнэ. Мөн АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар мэдээлэх болно.
Урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр товч мэдээлэл:
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 12 дугаар сард Засгийн газар, яам агентлагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцөлийг бүрдүүлээд буй талаар өмнө нь мэдээлж байсан. Яам, агентлагуудад давтагдан гарч буй зөрчил дутагдлын талаар сар бүрийн хэвлэлийн хурлаар мэдээлэл хүргэж байгаа.
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ГАДААДАД СУРГАЛТАД ЯВСАН БАЙНА
ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд 2016.10.01-ний өдрийн байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Үүнээс мэргэжлийн сургалтад 25, баклаврын сургалтад 56, магистрийн сургалтад 20, докторантурт 6 хүн суралцаж байна. Харин гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгсөж ирснээс 39 нь ажилд ороогүй гадаад улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь хүний нөөцийн бүртгэлд орсон буюу ажилд орж чадаагүй байна.
Мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын 9 хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна. 2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй байна. Дээрх оюутнуудаас Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн, Ч.Батсайхан нарын 6 хүн тус газарт ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна. Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна. Иймд ИНЕГ –ын Хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, гадаадад оюутнуудыг тэтгэлэгт суралцуулах талаар тусгайлсан журмыг боловсруулж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.
ИЛТ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ, АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТОД ЗААСАН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЭТГЭЭДИЙГ ОРОН НУТАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛСОН БАЙНА
Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн 1 жилийн хугацаанд (2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хооронд) 98 хүнийг шинээр томилсон байв. Ийнхүү томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилсон. Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон байна.
НЭГ ТӨРЛИЙН ТЕНДЕР 10 ЖИЛ ДАРААЛАН ЗАРЛАГДАЖ УГ АЖЛЫГ НЭГ КОМПАНИ ЖИЛ ДАРААЛАН ГҮЙЦЭТГЭСЭН БАЙНА
ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэсэн байдаг. Ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна.
НЭГДҮГЭЭР СУРГУУЛЬД 41 ХҮҮХЭД АВАХ ЦОХОЛТЫГ ЯАМНЫ АЛБАН ТУШААЛТНУУД ХИЙСЭН БАЙНА
АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлттэй танилцахаар Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай газар дээр нь танилцлаа. Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад элсэлтийн бүртгэл нь хамран сургах тойргийн маргаан болон бусад гомдол, мэдээлэл ихтэй байсан. Тухайн сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байна. Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байна. Жишээ нь улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан. Мөн Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана.
Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой товч мэдээлэл:
897 ХҮНИЙ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАВ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 897 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсролын салбараас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.
ОРОН НУТГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 4 ХҮН ИЛТ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА
Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхчулуун, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Саруулжаргал, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х.Санигаж нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон.
- Нэр дэвшигч Д.Мөнхтүвшин нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Батбулганы 100 хувь үүсгэн байгуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх “Мөнгөлөг амьдрал” ХХК-ийн талаар мэдүүлээгүй.
- Нэр дэвшигч Г.Мөнхчулуун нь өөрийн үүсгэн байгуулж, дүрмийн сангийн 99,31 хувийг эзэмшдэг мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх “Энхсүрэгтэн’ ЗБН, мөн гэр бүлийн гишүүн өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Тунгалагийн үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг “мал эмнэлгийн үйлчилгээ, гадаад, дотоод худалдааны” чиглэлээр үйлчилгээ эрхлэх үндсэн чиглэл бүхий “Дэлгэрэхговь” ХХК-иудын талаар мэдүүлээгүй.
- Нэр дэвшигч А.Саруулжаргал нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү А.Саруулсайхан, А.Саруулбаатар, төрсөн эцэг Д.Амгалан болон өөрийн үүсгэн байгуулсан /захирлаар төрсөн эцэг Д.Амгалан бүртгэлтэй/ Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэх “Угтаалчандмань’ хоршооны талаар мэдүүлээгүй.
- Нэр дэвшигч Х.Санигаж өөрөө болон хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Алиша, төрсөн дүү Х.Акбота, төрсөн хүү С.Хазирет нарын үүсгэн байгуулсан Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх “Айым’ хоршоог үүсгэн байгуулж, захирлаар төрсөн хүү С.Хазирет бүртгэлтэй талаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг “Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд’ хэсэгт тус тус мэдүүлээгүй.
Иймд “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй’ гэж заасныг хэрэгжүүлж ажиллах талаар сануулан, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн.
2018 оны 9 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.
ХӨРӨНГӨ, ОРЛОГОО МЭДҮҮЛЭЭГҮЙ БОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 3 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАВ
Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараах албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Тухайлбал:
- Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Р.Энх-Амгалан нь өөрийн болон нөхрийн цалин хөлсийг худал мэдүүлсэн, нөхрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл, мөн өөрийн болон нөхрийн үүсгэн байгуулсан компаниуд, хувьцааны талаар мэдүүлээгүй тул “албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” арга хэмжээ тооцуулахаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
- Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажав нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани, авто зогсоолыг мэдүүлээгүй тул “сануулах” хариуцлага тооцуулах талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн эхнэр О.Гантуяаг 2016 оны ажилд томилон бага ангийн бүлгийн туслах багшаар ажиллуулж байгаад 2018 онд ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ хугацаанд үр дүнгийн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцуулахаар Нийслэлийн боловсролын газрын даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
Мөрдөн шалгах ажлын чиглэлээр товч мэдээлэл:
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 9 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3-аар бага буюу 5.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /2017 оны 9 дүгээр сард 57 гомдол, мэдээлэл шалгасан/
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 54 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАВ
Хүлээн авсан 54 гомдол, мэдээллээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 19 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 64.8 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 54 гомдлын 41 буюу 75.9 хувийг Улаанбаатар, 13 буюу 24.1 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.
372 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 9 дүгээр сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 372 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 240 хэргээр буюу 2,8 дахин өссөн байна. /2017 оны 9 дүгээр сард 132 хэрэг байв/
9 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 29 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж, одоо 327 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 281 хэрэг, мөрдөн байцаалтын 46 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 12.1 хувийг шийдвэрлэсэн байна.
Өмнөх саруудад хэрэг бүртгэлтийн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
- Хэнтий аймгийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн албан тушаалтан нь хувьдаа, бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал хүргүүлсэн.
- “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал, албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан 2016 оны 10 дугаар сард нэр бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу байдал олгож Хөгжлийн банкны барьцаанд байсан 2 ширхэг Belaz 75131 маркын машиныг зах зээлийн бодит үнээс өндөр үнээр худалдан авч төрийн өмчид 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дуусган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал хүргүүлсэн.
Өмнөх саруудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдээс прокурорын байгууллагад Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
- Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтан нар нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12 дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн гэх хэрэг;
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн дансанд хаалт, хасалт хийгээгүйн улмаас төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т төлөгдөх ёстой 1.155.593.822 төгрөгийг төлөгдөх ёстой боломжийг алдагдуулж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг;
- Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан нь тус аймгийн Цагдаагийн газраас 2016 онд явуулсан шалгалтаар Ургамал сумын “Зүүн шувуут’ гэх газарт хууль бусаар гар аргаар алт олборлогчдоос алтны агууламж бүхий чулууг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгснийг зохих хууль, журмын дагуу устгаагүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль авсан гэх хэрэг;
- Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж АТГ-аас мэдээллээ.