Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түгжрэлийг бууруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг шийдэх судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Түүнчлэн байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл. Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Сургуулийн автобус явуулах нь үр дүнтэй байгаа. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна” гэв.