Уламжлал, шинэчлэлийн холбоо
-Уламжлал нь илүү тогтвортой, нийгмийн үзэгдэл юмсыг тухайн шинжийн хүрээнд барьж тогтоох,
-Шинэчлэл нь илүү хувьсамтай, уг үзэгдлийн нэг чанар, шинжийг нөгөөгөөр нь халж солих үүрэгтэй.
Уламжлал, шинэчлэл нь харилцан бие биеэ нөхцөлдүүлэхийн хирээр үгүйсгэн, нэгдэлтэй байхын хирээр тэмцэлддэг.
Манай Монголчуудад өвлөгдөн ирсэн уламжлалаас үзвэл ахмад настныг дүү хүн нь хүндэтгэж, урьдаар амар мэндийг эрэн учрахыг эрмэлздэг ёс заншилтай. Энэ ёс зарчмаа үеийн үед үргэлжлүүлэн хэрэглэж байх нь үр хүүхдээ даруухан зантайгаар хүмүүжүүлэх, хүмүүжихийн нэгэн нөхцөл нь болдог.
Манай ард түмэн эртнээс нааш хүнийг хүн ёсоор хүндэтгэн үзэж, хоорондын эв нэгдлийн нөхөрсөг сайхан харилцааг эрхэм болгож хүнийг: ойр холын, таних ба үл таних, их, бага тушаалын гэж ялгаварлахгүйгээр ямар нэгэн хүнийг ирэхэд нь цай, идээгээр дайлан зочилдог заншилтай.
“Даарвал хучлага”, “халууцвал сүүдэр”, ”өлсвөл хоол”, ”цангавал унд”, ”ядарвал амруулах” гэх мэтчилэн халамжтай энэрлийн сэтгэлээр зочлон өнгөрүүлдэг.
Нийгмийн дэвшилт хөгжил нь өмнөх үеийнхээ хүмүүсийн бүтээсэн бүтээл, амьдрал, түүхийн шилдэг уламжлалыг амьдралд орж байгаа залуу үе нь өвлөн залгаж аваад, түүн дээр нь хөллөн суурилж, тэр уламжлалыг цааш арвижуулан хөгжүүлэх замаар явдаг жамтай.
Уламжлалын тухай ойлголт бол хүний амьдралын нэгэн үеэс дараа дараачдаа дамжуулан үлдээсэн ахуйн амьдралын болон ёс суртахуун, зан төлөвийн харилцааны бүх шинжүүдийн нийлбэр болж байдаг. Өнгөрсөн шилдэг уламжлал, одоогийн амьдарч буй үеийн явдал, ирээдүйн итгэл төгс ариун хүсэл мөрөөдөл энэ гурав залуу хүний хүмүүжилд нягт хосолсон байх ёстой.
Чухамдаа уламжлалыг судлах, мэдэхийн учир бол тэр уламжлалын биет үлгэр жишээ, амьд утга санааг хэрэг болгож биедээ шингээх, хэрэгжүүлж юм болгохын төлөө байгаад оршдог.
Монгол өрх /гэр/ бүлийн хөгжихөд диалектик зөрчлийг бий болгогч эсрэг тэсрэг талууд чухал үүрэгтэй. Гэр бүлийн харилцаанд зөрчлийг бий болгогч хоёр тал болох ахмад, залуу үеийнхэн дор бүрнээ өөр өөрийн үүргийг хүлээдэг.
Үгүйсгэх үгүйсгэлийн хуулиар бол ахмад үеийнхний үе өнгөрүүлсэн, үүргээ гүйцэтгээд дуусгасан аливаа шинжүүд үгүйсгэгдэж, аль илүү дэвшилттэй нь хөгжлийн дараагийн шатанд уламжлагдан Өрх /гэр/ бүлийн хөгжлийн уг сурвалж болох зөрчлийн нэг тал болдог.
Үгүйсгэл нь тэмцэл, арга талыг бий болгоно, тухайн тогтолцооны эрч хүч болно.
Үгүйсгэлийн үгүйсгэлийн хуулийн үүднээс бол гэр бүлийн хөгжлийн өмнөх шатанд байж, нэгэнт үүргээ гүйцэтгээд дууссан буюу үеэ өнгөрүүлсэн шинж, түүний дараагийн шатанд дамжигдан очвол дараагийн шатанд шинээр бий болж, гэр бүлийн хөгжлийн уг сурвалж болох зөрчлийн нэг тал болон гарч ирэх ёстой шинэ талуудад саад болж гэр бүлийн хөгжил, хөдөлгөөний уг сурвалж болох зөрчлийг бууруулахад хүргэнэ.
Ингэснээр гэр бүлийн хөгжил нь харьцангуйгаар зогсонги байдалд орно. Нийгмийн хурдац өөрчлөлт нь үнэ цэнийн өөрчлөлтийг үүсгэн ингэснээр уламжлалт үндэсний үнэ цэнийг эрхэмлэдэг хөгшчүүл болон залуусын хооронд харилцан зөрөлдөх явдал үүсгэж байна.Ахмад, залуу үеийнхэн нь нэг нь нөгөөгөөсөө ялгагдах онцлогтой. Сонгодог гүн ухааны сэтгэлгээний үүднээс үзвэл ахмад болон залуу үеийнхэн харилцан бие биеэ үгүйсгэж, улмаар нөхцөлдүүлнэ. Тэдний хооронд зөвхөн ялгаа төдийгүй, залгамж холбоо байдаг. Энэ нь Ахмад, залуу хүмүүсийн харилцааны диалектикийн онцлог юм.
Уламжлал-шинэчлэл-залгамж чанар
Монголын нийгмийн нэгдлийн үндэс, анхны нэгж болсон гэр бүлийн хүрээнд завхайрах, харгис хэрцгий үйлдэл, хүн байгалийн харилцааны тэнцвэрт тогтолцоо алдагдах, хүн чанар, ёс суртахуун доройтох, хүмүүс амин хувиа хичээх, ураг төрлийн холбоо /төрөл, садан, хамаатан/, ахмад, залуу үеийнхний хооронд хөндийрөл үүсэхийн эхлэл тавигдах илрэлүүд бий болж байна.
Энэхүү байдлууд нь уламжлал алдагдаж буйтай холбогдоно. Монголд нүүдлийн ба суурин аж, төрөх ёс хосолсоор ирсэн нь залгамж чанарын хуулийг алдагдуулахгүй байсанд оршино. Гэр бүлийн амьдрал нь тогтворгүй үзэгдэл биш бөгөөд гэр бүлд өөрчлөлт ба үргэлжилсэн байдал хоёр зэрэгцэн оршдог. Залгамж чанарыг хадгалж байхын тулд гэр бүлийн хөгжилд шинэчлэл, уламжлал зохистойгоор хослон байх учиртай.
Шинэчлэл, уламжлал хоёр сүлжилдэн хослох нь гэр бүлийн харилцаа өөрчлөгдөж хөгжихийн ч, мөн чанараараа хадгалан үлдэж байхын ч үндэс болдог.
Өөрчлөлт шинэчлэлтийг хийхдээ залгамж чанарын хуулийг заавал баримталж байх жамтай. Үүнийг эс баримталваас өөрчлөлт дэвэргэсэн туйлшралруу чиглэнэ. Гэр бүлийн өөрчлөлт, шинэчлэлт нь зогсонги байдалд хүрэх аюулд орно.
Гэр бүлийн хөгжих зөрчлийг бий болгогч хоёр холбоо-ахмад болон залуу үеийнхний гол үүрэг нь Монгол өрх /гэр/ бүлийн хөгжлийн өнгөрснийг одоотой холбох буюу гэр бүлийн хөгжилд залгамж холбоо тогтоох явдал юм.
Монголчуудын өвөг дээдсээ шүтэх заншил ёсны үндэс юунд оршдог вэ?
Эцэг, эхээ хүндлэх ёс бол Монголчуудын өвөг дээдсээ шүтэх оюуны амьдралынх нь үндэс суурь нь мөн. Монголчууд эцэг эхээ маш хичээнгүйгээр чин үнэнээр өргөн хүндэтгэдэг. Гэхдээ амьд сэрүүн байгаа эцэг эхээ өргөн хүндэлж чадахгүй бол аль хэдийн талийгч болсон өвөг дээдсээ үнэнхүү шүтнэ гэдэг чадашгүй зүйл.
Монголчуудын эцэг, эхээ хүндлэх заншил ёс хатуу чанга байснаас өвөг дээдсээ шүтэх заншил ёс уламжлагдан тогтсон нь яриангүй. Өөрөөр хэлбэл эцэг эхээ өргөн хүндлэх ёс монголчуудын оюуны амьдралын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсоор иржээ.
Хүмүүс монголчуудыг дууч үндэстэн, Монгол орныг дууны далай гэдэг. Гэхдээ энэхүү дууны давалгааны гол нь ээж, ааваа дурсан санасан дуу байдаг. Энэ нь монголчуудын оюуны амьдрал эцэг, эхээ хүндлэх явдал хичнээн их байр суурьтай болохыг харуулж байна.
Монголчууд дээдээсээ аваад хэн хүн хичнээн их эрх дархтай, эрдэм чадвартай болсон ч гэсэн, хичнээн баян эрхмийг эдлэн, хэдийчинээ нэр төртэй боллоо ч гэсэн эцэг, эхээ өргөн хүндлэх явдлаа огт умартдаггүй заншилтай.
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр: Чингис хаан нэг удаа дүү Хасартайгаа зөрчилдөөд ээждээ хэлжээ. Энэ тухай Чингис хаан өөрөө хэлэхдээ “Эхийг хилэгнэнэ гэж айв би. Ичий ба ичив би” гэжээ. Энэхүү “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн”, ”Дэлхийг эзэгнэгч”-ийг тэгж “Айхын ихээр айлгаж”, ”Ичихийн ихээр ичээж” чаддаг хүн гэвэл гагц буурал ээж нь байсан гэвэл хэтрүүлэг болохгүй.
Монголын их эрдэмтэн мэргэд нар ч эхээ өргөн хүндлэх соёл заншлаа тун чанга журамладаг байсан ажээ.
Их эрдэмтэн Инжинаши амьдарч асан үедээ настай ээжээ хүндлэх заншлаа чанга журамладаг байжээ. Хэр зэрэг яаруу бачим байлаа гээд ээждээ өглөөний амар, үдшийн амгалан айлтгаж, цай зоог, хоол ундыг биеэрээ барих, ширүүн бороо орж их аянга нижигнэх бүр дэргэд нь хүрч сэтгэлийг нь тайтгаруулах зэргээр тасалдуулахгүйг хичээдэг байсныг “Хөх судар”-таа тэмдэглэн бичсэн байдаг. Монгол оронд ээж, аавынхаа гэрээс сургаалаар насан туршдаа архи тамхийг тас цээрлэсэн хүмүүс их байдаг. Энэ мэтээр эцэг, эхийн гэрээс сургаалийг насан турш цээжиндээ хадаж явдаг.
Монголын уламжлалт соёл заншлаар тэд өглөөдөө заавал эцэг эхээсээ урьд босч нүүр гараа угаан, гэзэг үсээ самнаад эцэг, эхдээ бараалхан амрыг нь асуудаг. Ялангуяа эцэг, эхийн бие чилээтэй үед өглөө бүр “Шөнө сайхан нойрсов уу?”, ”Бие чинь тэнхэрч байна уу?” гэх мэтээр болгоон асуудаг. Үдэшдээ эцэг эхийнхээ орыг нь засч, хөнжлийг нь хумин, хөлийг нь дулаацуулаад “Ээж /аав/ сайхан унтаарай” гэх мэнд айлтгаад сая өөрөө унтдаг.
Монголчуудын эцэг, эхээ хүндлэх, өвөг дээдсээ шүтэх заншил ёс бол харилцан нягт холбоотой. Хэрэв эцэг, эхээ өргөн хүндлэх ёс заншил үгүйд хүрвэл өвөг дээдсээ үнэн сэтгэлээсээ сүжиглэн шүтэх заншил ч тогтож чадахгүйд хүрнэ. Нөгөө талаар өвөг дээдсээ дэмий хайхрахгүй, мэдэхгүй, шүтэн сүжиглэх заншилгүй юм бол эцэг, эхээ ч лавтай ихэд хүндэлж чадахгүй.
Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд өвөө эмээ, эцэг эх, ах эгч, дүү хамаатан садан, ахмад хүмүүс улмаар найз нөхөд цөм их үүрэг гүйцэтгэдэг.
Хүүхдүүд өвөө эмээ, эцэг эх, ах эгч, ахмад хүмүүсийн үгэнд орж, тэднээс их зүйлийг мэдэж сурдаг.
Өвөө эмээ бол гэрийн доторхи ахмад хүмүүс учир гэр бүлийн бүхий л хүнтэй харьцдаг.
Өвөө эмээ бол ач, жич, гуч нарынхаа эцэг эхтэй харьцан сургаж хүмүүжүүлэхдээ нэг янз, ач, зээ нартайгаа харьцах арга ондоо.
Өвөө эмээ нар ач, зээ нартаа үлгэр домог, хууч ярьж, ахмад хүнийг хүндлэх, эцэг эх, эмээ өвөөгөө асран хайрлах зэргээр олон зүйлийг хэлж үйл ажлаараа харуулдаг.
Өвөө, эмээ нар нь ач, жич, гуч нартаа сургааль хайрладаг ёстой. Энэ нь нэн эртний сайхан уламжлал юм даа.
Өвөө, эмээгийн хайрласан сургааль нь үр ач нарын хувьд “хэмжээлж баршгүй нандин өв” болж уламжлагдсаар ирсэн түүхтэй.
Өвгөд дээдэстэйгээ үр ач нар нь гагцхүү сургааль, хайр халамжаар л харьцана.
Өвөө эмээгийн ер нь ахмад хүний үг нь тэдний хувьд хууль байдаг ба үгийг нь ёсчлон дагаж биелүүлнэ.
Өвөг дээдсээ үеэс үед марталгүй санаж, шүтэн явдаг заншил ёс бол Монголчуудын уламжлалт соёлын чухал нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм.
Персийн түүхч Рашид-Ад-Дины тэмдэглэсэнчлэн: “Монголчууд бүр эрт дээр үеэсээ аваад өөрийн үүсэл гарал, үе залгамжлалын түүхээ цээжлэн явдаг заншилтай ажээ. Тэд бусад үндэстэн мэт шашин суртахууны ёсоор үр хүүхдээ сургадаг биш, харин овог аймгийн ба үе залгамжлах тухай үлгэр домгуудаа уламжлан ярьж, өөрийн төрсөн аливаа үр хүүхдээ сургадаг” гэсэн ёс заншил өвлөгдсөөр иржээ.
Өвөг дээдсээ үгүйсгэвэл үндсээрээ салсан модны навч мэт болно. Өвөг дээдсээ шүтэхгүй, эцэг эхээ хүндлэхгүй хүнийг Монголчууд хүний тоонд боддоггүй.
Дээдсийн шүтлэг бол Монголчуудын өдөр тутмын амьдралынх нь чухал нэгэн хэсэг болсоор иржээ.
Эцэг, эхчүүд бол үр хүүхэд, тэднийг өвөө эмээтэйгээ харьцахдаа хайрлаж халамжлах, гэр бүлийнхээ хүмүүсийн ирээдүйн төлөө санаа тавьж, эдийн засаг, ахуй нөхцөлөө хангах г.м. гэр доторхи нарийн ээдрээтэй боловч асар их ачааллыг нуруун дээрээ үүрдэг хүмүүс юм.
Эцэг, эхчүүд бол гэртээ байгаа хүмүүсийг өөрсдийн хайр энэрлээр гийгүүлж байдаг.
Үр хүүхдүүд бол эцэг эхийнхээ үгэнд орж өвөө эмээгээ хайрлан асарч, тэдний сайн сайхан зан үйлийг дууриаж, ажил амьдралдаа хэрэглэдэг.
Эцэг, эх хүүхдийн харьцаа нь эрт дээр үеэсээ ихээхэн утга учир бүхий нарийн уялдаатай хөгжиж ирсэн. Эхнэр, нөхөр нь хоорондоо эвтэй найртай зөв боловсон харьцаж бие биенээ хуурч мэхэлж хардаж сэрдэхийг цээрлэж харьцдаг.
Аав ээж, ахмад, эгчмэд болон үеийн үл таних хүнийг чи хэмээн хэлэхийг цээрлэнэ. Заавал та гэнэ. Үл хэрэгсвээс хүндлэх, дээдлэх ёс мэдэхгүй гэгдэнэ.
Аав ээж, ахмад настны дэргэд амраг янаг, алиа шалиг явдлын тухай ярихыг цээрлэнэ. Яриваас эх захаа алдсан, цадиггүй мунхаг гэгдэнэ.
Аав ээжийнхээ өөдөөс хялайн харах, хэдэрлэх, хараал хэлэхийг цээрлэнэ. Аав, ээжийгээ ад шоо үзэхийг цээрлэнэ. ”Эрэгнээс төрж, элснээс ургасан биш” болохоор эцэг эхээ хүндлэн асарч, үг сургаалийг нь сонсох, дагах нь Монголчуудын эрхэм ёсон болсоор ирсэн түүхтэй.
Үүнээс гадна эцэг эх нь хүүхэдтэйгээ харьцахдаа:
-хүүхдээ хүмүүжүүлэхдээ загнаж зодохгүй байх
-зөв буруу сайн саарыг ялган салгаж болгож сургах
-хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн удам судрыг мэдүүлэх
-биеэ авч явах болон ахмад настныг хүндэлж сургах зэрэг ер нь эцэг эх нь хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц юм. Үүнд:
-цэцэн үгс, сургааль үлгэр, домог ярьж өгч сургах
-ёс суртахууны хүмүүжил олгох
-буруу зүйл хийвэл таарч тохирсон арга хэмжээ авах
-аливаа зүйлийг зааж сургах зэрэг болно.
Эрт дээр үеэс манай Монголчууд хүүхдүүдээ ахмад, эгчмэд хүмүүс болон өвгөд хөгшдийг хүндлэх ёсноос зааж сургасан байдаг.
Чингисийн дээд өвөг Боданчар мунхаг Буха хатан ахдаа “Бие тэргүүнтэй, дээл захтай нь сайн” гэж өгүүлсэн нь тухайн үедээ Түнхэлэг горхинд байгаа хэсэг иргэнийг эзлэн захирья гэсэн санаа байсан боловч өөр нэг утгаар бол эзэнгүй иргэд байж болохгүй. Ер нь эх зах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь заншлын эрх буюу ёс суртахууны хүмүүжлийн уламжлал байв. Монголчуудын эмх замбараагүй явдлыг жигшин зэвүүцэж дээрх үгийг сануулан хэлдэг заншилтай.
Ихэнх хүүхдүүдийн ах, эгчийгээ хүндлэх үгүй нь тэдний ухамсар болон ээж, аав, эмээ өвөө, эгч ах нарынх нь өгсөн хүмүүжлээс ихээхэн шалтгаалдаг. Ер нь хүүхэд гэртээ ээж аав, эгч ах, эмээ өвөөтэйгээ яаж харьцана гадна орчинд мөн л адил харьцдаг.
Ахан дүүгийн харьцаа бол эцэг, эхийн олгосон хүмүүжлээр илэрч байдаг.
Үр хүүхдээ хүндлэх ёсонд:
-хүүхдийнхээ санал, бодлыг сонсох
-сурч, боловсроход нь бүх талаар дэмжих
-үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй байх
-дэргэд нь архи, дарс уухгүй байх
-найз нөхдийнх нь дэргэд зэмлэхгүй байх гээд энэ олон ёс байдаг.
Монголчууд эрт дээр үеэс эцэг эх, настныг ямагт эрхэмлэн дээдэлж, хайрлан хүндэтгэхийг нэгэн насны ёс журам болгож ирсэн заншилтай бөгөөд ачийг нь хариулахын төлөө машид чармайдаг. Эцэг эхийнхээ өөдөөс үг сөрөх, дэргэд нь хэрүүл маргаан дэгдээхийг хүний амьдралын гол ёсноос зөрсөн маш ичгүүрт хэрэг гэж үздэг.
Монголчуудын хүндлэх ёсонд ер нь хүнийг ихэд хүндэтгэж дээдэлдэг, хүндэтгэл нь дэг жаягтай байдгийг “Ахсаа алд хүндэл, дүүсээ дэлэм хүндэл” гэдэг сургаалиас харж болно.
Гэр бүлийн харилцааны ёсонд эрт үеэс эрхэмлэж ирсэн таван зүйл байдаг. Энэ нь:
Эцэг эх асралтай
Эм эвтэй
Эр найртай
Ах элэгсэг
Дүү бишрэлтэй байх гэдэг.
Айл гэрт хүний гол таван ёс гажвал ард улсад ёсон өдрийн од мэт байна.
Монголчуудын хүн хүндэтгэх ёс горим бол бие хүмүүсийн хоорондын харилцаа төдийгүй, нийгмийн бүх давхрааг хамаардаг харилцаа мөн.
Үр хүүхдээ ухаан сууж, аливааг ойлгох болсон үеэс хүндлэх ёсыг зааж:
Ах дээдсийг хүндэлж яв
Айл аймагтай эвтэй яв
Алив муугаас сэргийлж яв
Амраг садандаа ээлтэй яв гэх мэтээр сургаж иржээ.
Түүхэн урт удаан хугацааны туршид хүмүүсийн харилцаа улам нарийсч ирсний тод илрэл бол бишрэн шүтэх, хүндэтгэх, цээрлэх зэрэг ёс заншл, тэдгээртэй холбоотой зан үйлүүд бий болж, баяжин хөгжиж бидний үеийг хүртэл уламжлагджээ.
Нийгмийн хүрээнд нийтээр анхаарах асуудал
Ойрын жилүүдэд нийгмийн хүрээнд нийтээрээ анхаарах суурь асуудлын нэг бол:
“Уламжлалт болон орчин үеийн гэр бүл, тэд нарын харилцаа, дотнослын асуудал” болж байна. Энэ нь амьдралын бодит байдал хийгээд нийгмийн судалгаанаас харагдаж, улмаар нийгмийн хэрэгцээ болж байгаагаар тайлбарлагдана.
Ахмад, дунд, залуу, өсвөр үеийнхний харилцаа, дотносол, ойлголцлыг тасралтгүй бий болгоход нас, насны ялгааг харгалзан тухайлбал:
а.Өсвөр үе, хүүхдэд сургалтын агуулга, албан бус сургалтаар,
б.Залуу үеийнхэнд:
-Өвөг дээдсээс бий болгосон амьдралын ухаан, сургаал, сургамж, зөвлөгөөний учрыг нь мэдэх эрмэлзлийг дотоод сэтгэлд нь бий болгох
Залуус: “Бид сургаал, зөвлөмж сонсох юм. Харин учрыг сайн мэдэхгүйгээс орхигдуулахад хүрч байна гэж байна” бодох л асуудал.
-Ахмад үе, мэдэх хүмүүс: энэ ухаан ийм учиртай гэдгийг ардын болон шинжлэх ухааны үүднээс тодорхой гаргаж өвлүүлмээр цаг болжээ.
-Залуусаа гэрлэлтэнд бэлтгэх, залуу гэр бүлийн дасан зохицож сурахад тасралтгүй тусламаар байна.
в.Дунд насныханд:
-Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах
-Ахмад үеэс хойшдоо хэрэглэх дэвшилт өвийг уламжлан авах
-Залуу, хойч үеийнхэндээ мэдүүлэх үе үеийнхний хоорондох холбоог анхаарах
-Гэр бүлийн боловсрол, харилцаа, дасан зохицлыг байнга анхаарах асуудал болгох.
г.Ахмад үеийнхэнд:
-Шинэ нөхцөлд хойч үедээ ямар үнэт зүйлээ хэрхэн өвлүүлэх вэ? гэдэгт онцгой анхаарч боломжоороо туслах
Тэхдээ өвлүүлэх үнэт зүйлийнхээ агуулга, учрыг нь ардын ухаан, болвол шинжлэх ухааны үндэслэл сайтай ойлгуулахыг хичээх нь чухал байна.
Жич: Дурдсан дээрх асуудалд эр, эм гэж хүйс ялгаварлахгүйгээр хандах нь үр дүнтэй болох учраас тус тусын хүйс заасангүй.
Одоо цагт эр, эм гэхгүй бүгдийн оролцоо чухал болохоор адилхан хандах нь зүйтэй. Дурдсан зүйлүүд агуулгаараа гүнзгий, 21-р зууны Монгол гэр бүлд анхаарах язгуур суурь асуудал юм.
Ер нь технологийн хувьсгалын үед иргэдийн харилцаа, оюуны сэтгэлгээнд илүүтэй, тасралтгүй, тодорхой чиглэлтэйгээр хандаж өөрчлөлт хийх хэрэгтэй боллоо.
Уламжлал нь хөгжил тодорхой шатанд хүрч очиход шинэчлэлийг шаардана.
Шинэчлэл нь уламжлалдаа суурилж, түүний хүрээнд хийгдэнэ.
Өндөр настны ойд хэлэх ерөөл
Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн арддаа хүндлэгдсэн
Түүх шастирт нэрлэгдсэн
Төр засагтаа гавьяатай
Нийгэм олондоо нэртэй
Найз нөхөддөө ээлтэй
Ах дүүдээ өмөг болсон
Ач гучдаа түшиг болсон
Ачит буурал аавын минь
Тавтай сайхан хөдөлмөрлөж
Тавин сүүдэр зэрэгцсэний
Тавлаг их найрыг үүсгэж байнаа
Жаргалангийн дээдийг эдэлж
Жаран сүүдэр зэрэгцсэний
Жавхлантай их ёсолж байнаа
Далай сайхан хөдөлмөрлөж
Даяар олны ах болсон
Далан сүүдэр зэрэгцсэний
Далай их найрыг үүсгэж байнаа
Нартын хүний ахмад нь болж
Настны их сууринд дэвшиж
Наян сүүдэр зэрэгцсэний
Налгар их найрыг үүсгэж байнаа
Ертөнцийн олны ахмад нь болж
Есөн хүсэл нь ханан жаргаж
Ерөн сүүдэр зэрэгцсэний
Ерөөлтэй сайхан найрыг үүсгэж байнаа
Өнөд үүрд мөнхрөхийн
Өлзийтэй нарыг үүсгэх учирт
Өргөн монголын ёсыг дагуулан
Ашид ямагт жаргахын
Аялгуулан цэнгэл эхлэхийн тухайд
Ард монголын заншлыг баримтлан
Эдийн манлай ариун хадгийг
Идээний дээж сүүний хамтаар
Ачитны тэргүүн
Аав /ах/ тандаа
Энэрэлтний тэргүүн
Ээж /эгч/ тандаа
Дэвшүүлэн өргөж
Энэ өдрийн цэнгэлийг үүсгэе
Өнөөдөр болбоос
Өвгөн буурал аавын минь
Өлмий лянхун батдахын
Өлзийхутаг оршсон
Өгөөмөр зохист эрин
Өтгөс их настнаа
Өргөн дээдэлж хүндэлдэг нь өргөн Монголын жам
Өвч олны заншил
Өнөөгийн бидний баясгалан
Өсөх хойчист үлгэр
Өрнөн мандахын бэлэг
Өвлөж залгахын ерөөл
Өдгөө цагийн баяр
Өнөд үүрд мөнхрөх Өлзийтэй найрыг үүсгэе.
Монголын ахмадын холбооны зөвлөх, гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Т.НАМЖИЛ