Монголын боксчин Э.Цэндбаатар Олимпийн наадмын медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг Оросын Алберт Батыргазиевийн эсрэг хийлээ. Дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй, мэргэжлийн рингэнд гурван ч тулаан хийж ялалт байгуулсан энэ орос тамирчныг хожвол Монголын баг энэ олимпоос дөрөв дэх медалиа зүүх байв. Эхний үед манай тамирчин урагш давшин илт илүүрхэж, олон оновчтой цохилтоор өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан. Улмаар энэ үед манай хүн 5:0-ээр илүүрхжээ. Удаах үед орос эр урагш илүүтэй давшиж тоглосон ч манай Цэндээгийн угтуулсан цохилтууд илүү аюул тарьж байв. Энэ үед шүүгчид манай хүний талд 3:2-оор ялалтыг өгсөн юм. Ингэснээр Цэндээ тун том давуу байдалтай болоод авав. Сүүлийн үед ойрхон үзээд ялагдсан ч гурван үеийн нийлбэрээр хожил байгуулна гэсэн үг. Гуравдугаар раундад хоёр тамирчин маш их цуцсан байлаа. Оросын боксчин хожигдож яваа болохоор илүүтэй довтолж тоглосон. Ингээд гуравдугаар үе дууслаа. Сүүлийн раундад ялагдсан байж болох ч медаль баттай боллоо гэж хүн бүр бодсон байх. Гэтэл шүүгч нар нийлбэр дүнгээр 3:2-оор нөгөө талд ялалтыг заажээ. Гуравдугаар үед Кубын шүүгч манай Цэндээд найм, Батыргазиевт 10 оноо өгсөн нь эцсийн үр дүнг эргүүлж орхив.
Гэхдээ манай тал шүүлтийг эргэлзээтэй гэж үзэж гомдлол гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын баг зөвлөлдөж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор гомдол гаргах үйл явц өрнөж байна.