Шинэ хичээлийн жилтэй зэрэгцээд нийслэлийн 14 сургуулийн багш нар ажил хаяад байгаа билээ. Тэднийг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо дэмжиж байгаа юм. Энэ талаар эцэг, эхчүүд, иргэдийн байр суурийг сонирхлоо.
Тэдний үйлдэл болгон, үг хэл болгон үлгэр жишээ байх учиртай
-Би хувьдаа ажил хаяхыг таашаахгүй байгаа. Багш нарыг дээдийн дээд гэгээнтэн байх ёстой гэж боддог. Тэдний үйлдэл болгон, үг хэл болгон үлгэр жишээ байх учиртай. Цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа гэх юм. Гэтэл түүнээс бага цалингаар амьдралаа авч яваа хүн олон байна. Тодорхой хугацааны дараа үе шаттайгаар цалинг нь нэмнэ гэж төр засаг мэдэгдсэн биз дээ? Төрийн бодлого гэж байдаг юм. (СХД-ийн өндөр настан С.Надмид)
Дарга нар зарим зардлаа танаад цалин нэмж болдоггүй юм уу
-Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор цалингийн сүлжээний талаар ойлголт муутай. Ер нь бол авсан хэд нь амьдралд нь хүрэлцэхгүй болоод л багш нар цалингаа голоод байгаа байлгүй дээ. Ямар нэгэн аргаар нэмэх л ёстой. Дарга нар гадагшаа дотогшоо их явах юм. Зарим зардлаа танаад цалин нэмж болдоггүй юм уу? Манайх хороололд байдаг. 6 дугаар ангийн хүүхэд маань хичээлдээ явахгүй хэцүү л байна. (Баянгол дүүргийн иргэн. Л.Урнаа)
Хичээлээсээ хоцорсон хүүхдийг яаж зэмлэдэг билээ? Өөрсдийгөө хар
-Шууд хэлэхэд би багш нарын ажил хаялтыг эсэргүүцэж байгаа. Хүүхдийн эрх ашгийг хохироож болохгүй шүү дээ. Нэг сурагч хичээлээсээ хоцроход бөөн юм болж, хэл ам таталдаг мөртлөө өөрсдөө ийм байж болохгүй. Дараа нь яаж хичээлээ нөхөх гэж байгаа юм? Өвөлжин утаанд хордсон хүүхдүүд зун ганц өдрийн өмнө ч гэсэн амарч, агаар салхинд гарах хэрэгтэй гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ? Ялангуяа цэцэрлэгийн багш нар ажил хаяж хэрхэвч болохгүй. Энэ улсад татвараа төлдөг эцэг, эхчүүд ажлаа хийх ёстой биз дээ? Хамгийн гол нь багш нарыг улстөрийн зорилгоор ашиглах вий гэж санаа зовж, бас хардаж байна. (БЗД-ийн иргэн Ө.Ламжав)
Ур чадварыг нь харгалзаж нэмэх нь зүйтэй гэж боддог
-Би өөрөө насаараа багшилсан хүн. Хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ тэгшитгэж биш ур чадварыг нь харгалзаж нэмэх нь зүйтэй гэж боддог. Төр засгийн халаас ямар байгаа билээ? Эдийн засаг маань ямар байгаа билээ? Энэ болгоныг харгалзаж, үр дүнд суурилсан цалингийн системийг тогтоох нь зөв гэж бодож байна даа. (БЗД-ийн өндөр настан Н.Халзан)
Д.Дорж