НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “БНАСАУ НҮБ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг зөрчин цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлж байна” гэж “Ройтерс” агентлаг НҮБ-ын нууц илтгэлээс иш татан мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээтэй холбоотой асуудал хариуцсан хороонд танилцуулсан уг илтгэлийг НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэн дүгнэсэн хараат бус шинжээчид хагас жилийн турш бэлтгэсэн байна.
“БНАСАУ Ойрхи Дорнод болон Африкийн хэд хэдэн оронд, тэдгээрийн дотор Йемений хусит босогчдод, зэвсэг худалдах оролдлого хийж байв. Тус улс мөн Сири улстай цэргийн салбарт хамтран ажилласан хэвээр байгаа. Түүнээс гадна БНАСАУ нэхмэл бүтээгдхүүний экпортод тавьсан хоригийг зөрчиж, 2017 оны аравдугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд ийм төрлийн 100 сая гаруй ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон” гэж НҮБ-д танилцуулсан илтгэлд тэмдэглэжээ.
Умард Солонгосын хувьд өнөө үеийн хамгийн хатуу хориг арга хэмжээний горим үйлчилж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард хориг арга хэмжээг улам чангатгасан билээ. (МОНЦАМЭ)