Төр нийгмийн зүтгэлтэн Д.Тэрбишдагвын “Зааг” хэмээх номын нээлт СТӨ-г зангарагтайхан доргиож байсан нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр л дөө. Өчигдөрхөн мэт санагдавч даруй гурван жил өнгөрч. “Зааг” ном худалдаанд гарсан даруйдаа “алга болж” байсан нь тухайн бүтээлийн чанар, чансааг илтгэсэн юм. Аргагүй шүү дээ, сэтгэл оюунаа чилээн байж бичсэн юм чинь.
Хэдийгээр “Зааг” ном богино хугацаанд бесстцэллэр болж амжсан ч зохиогч нь санаа амарсангүй. “Заагийг задлахуй”, “Дуудлага-Хүчирхэг Монгол эргэж ирнэ” номоо үргэлжлүүлэн бичиж 2020 оны 1 дүгээр сарын 16-нд нэлээд далайцтай нээлт хийж билээ.
“Зааг” ном Монголын оюун сэтгэлгээний хүрээнээс хальж гадаад улс орнуудын сонирхолыг татаж эхэлсэн тухaй чимээ удаа ч үгүй сонсогдох болсон. Гэтэл өнөөдөр ХБНГУ-д хэвлэгдэн гараад байна. Энэ мэдээ бол ганцхан зохиогчийн гэхээсээ нийт монголчуудын хувьд баярлаж, бахархах ёстой амжилт билээ. Учир нь Их 8 орны нэг ХБНГУ-ын зах зээлд Монгол хүний бүтээл гарна гэдэг нэг талаас дэлхийд гарч байгаагаас өөрцгүй бөгөөд Д.Тэрбишдагва гэдэг хувь хүнээс гадна Монгол Улсын нэр хүнд хамтдаа дуурсана гэсэн үг.
Ном хэвлэгдсэн мэдээг авсан даруйдаа Д.Тэрбишдагва “Ном хэвлэгдсэн тухай мэдээд ах дүү, найз нөхөд, фэйсбүүкийн танилууд гээд олон хүнээс баяр хүргэсэн, амжилт хүссэн зурвасууд ирж утсаар ярьж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. ЗААГ номыг шинэчлэн ДУУДЛАГА номоор баяжуулан бичиж, Герман хэл дээр орчуулах, редакторлах, хэвлэн гаргах хүртэл оролцсон, дэмжсэн, тусалсан гээд хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлье. Үүний дотор Монголын улс төрчдөөс анх удаа Герман хэл дээр номоо хэвлүүлэх шан татах боломжийг олгосон Eulenspiegel publishing group-д гүнээ гялайлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.
Агуулга үзэл санааны хувьд өөрийнхөө үзэж туулсан амьдралын онцлог содон үйл явдлуудаас гадна Монгол Улсын үүх түүх, төрт ёс, уламжлал, зан заншил, дэлхийн аль ч улсад байхгүй онцгой давуу шинжийг олон улсад сурталчилсан эх оронч, чансаатай бүтээл болжээ. Номын цагаан буян оршиг. Монгол Улс мандан бадрах болтугай.
Д.Лхагвадорж