МЭДЭГДЭЛ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах ёстой гэдэг мэдэгдэл хийсэн билээ. Үүнтэй холбогдуулж УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ-өөс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Геологи, уул уурхайн салбар бол улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч явдаг төдийгүй, уг салбарт ажиллагсад нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд, гэрээсээ олон хоногоор алс хол ажилладаг, гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих зэрэг асуудал тулгамдаж байдаг, хийж буй ажил нь мэргэжил, мэдлэг, туршлага, ур чадвар шаардсан ийм л салбар юм.
Коронавирус дэгдсэн энэ хүнд үед л геологи, уул уурхайн салбар улсад ямар их хэрэгтэй, энэ салбарын ажил зогсонги болчихвол, хүмүүсийн цалин, тэтгэвэр, тэтгэмжээс эхлээд хөрөнгө оруулалт, ажлын байрны хомсдол газар авч, ядуурал нүүрлэх хэмжээнд байгааг ойлгож эхэллээ.
Шинээр байгуулагдсан Засгийн газар мэргэжлийн сайд нарыг томилж, сайд нар нь ч мэргэжлийн хүний хувьд аливаа асуудлыг бодитойгоор харж, шийдэж, улс төрчдөөс зай барьж ажиллаж эхэлсэн нь зарим нэгэн улс төрч эрхмүүдэд таалагдсангүй. Тэдэнд далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч, хэлсэн бүрийг нь даган дуурайдаг тотьнууд хэрэгтэй ажээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон нь шулуун шударгаараа, ажил хэрэгч чанараараа, мэдлэг мэргэжлээрээ салбартаа танигдсан, одоо үед зайлшгүй байх л ёстой мэргэжлийн төлөөлөл юм. Гэтэл түүнийг буруугаа хүлээсэнгүй гэдгээр шалтаглан огцруулах ёстой гэсэн мэдэгдлийг Д.Ганбат гишүүн хийж, хэрэв огцруулахгүй бол энэ Засгийн Газар шударга гэдэгт итгэхгүй, хамтарч ажиллах боломжгүй гэсэн байх юм.
Монголросцвемет ТӨҮГ сүүлийн жилүүдэд мэргэжлийн бус хүнээр удирдуулж алдагдалтай ажиллаж байсныг Б.Мөнхбат, Г.Ёндон нарын мэргэжлийн удирдлагууд гартаа аван ажиллуулсанаар, зөвхөн 2019 онд гэхэд л 34 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа нь салбарт мэргэжлийн хүмүүс ямар чухал гэдгийг тод харуулж байгаа юм биш үү.
Аж ахуйн байгууллага нь сайн инженерүүд олж ажиллуулж, ашиг, үр дүн өндөртэй байхын тулд байгууллагын дотоод журманд заасан хэмжээний урамшууллыг гэрээнд заасны дагуу олгодог нь одоо үед төрийн болон хувийн хэвшлийн ямар ч байгууллагад байдаг л асуудал. Энэ асуудлыг хэт улстөржүүлж, Засгийн Газрыг шантаажилж байгаа нь мэргэжлийн хүнийг зайлуулж, өөрсдийн гарын хүнээ тавьж, энэ салбараас ихийг хожих хүсэл л гэхээс өөр хэлэх үг салбарын мэргэжилтнүүдэд олдсонгүй.
Геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд аливаа улс төрийн асуудлаас хол байж, уурхайнхаа, салбарынхаа, улсын эрх ашгийг л эхэнд нь бодож ажилладаг хүмүүс, гэхдээ энэ удаа арай дэндүү хэтэрч байгаа асуудлыг хараад дуугүй байж чадахгүй нь.
Эрхэм улстөрчид Та бүхэн улсын эдийн засгийг дааж явдаг энэ салбарт, сүүлийн 26 жилд анх удаа томилогдсон мэргэжлийн Сайдыг зүгээр л орхичих, энэ хүн ажлаа мэргэжлийн л хийг, салбарын хамт олон энэ хүнд итгэж явдагийн хувьд дэмжихээрээ дэмжинэ. УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ” гэжээ.