Дөрвийн дөрвөн хүүхэд тогтоол усанд осолдож харамсалтайгаар амиа алдлаа. Уг осол өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 27-нд Баянзүрх дүүрэгт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох болжээ.
Дэнжийн 1000-д амьдардаг 8-12 насны 10 хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын тогтоол усанд сэлж тоглож байтал дөрвөн хүүхэд нь эндсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүхдүүд 14:00 цагийн орчимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж нэлээд удаан тоглосон бөгөөд 17 цагийн орчимд хүүхдүүд живсэн талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн 102 дугаарт ирсэн байна. Ослын газар дээр Онцгой байдлын аврагчид шуурхай ирж ажиллаж, цогцсыг гаргажээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тавдугаар сарын 10-нд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх авто замын ажилтай танилцах үеэрээ сэндвич барих зөвшөөрөл авсан нэр бүхий компани нь барилга зөвшөөрөлгүй барьсныг зогсоох шийдвэр гаргаж, зөрчлөө арилгах даалгаврыг мөн өгөөд байсан аж. Барилгын ажил нь аюулгүй байдлыг хангахгүй байна гэдгийг ч анхааруулсан байна. 2014 онд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар Хан талст ХХК-д 3.36 га газар олгожээ.
Тухайн хэсэг кадастраараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаардаг бөгөөд 2014 онд Э.Бат-Үүлийн 01/2129 дугаартай захирамжаар Наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3.36 га газрыг ашиглуулсан байдаг.
Хан талст компани нь төслөө 2014 оноос төслөө хэрэгжүүлж байсан бөгөөд сүүлд Эргийн тохижилт нэрээр тохижилт хийж байсан байна.Тохижилтын ажилд мэргэжлийн байгууллагаас удаа дараа шалгалт хийж байжээ. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг анхааруулж байсан аж. Гэвч Хан талст компани төслөө хэрэгжүүлэх явцдаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хүүхдүүд амь насаа алдахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.
“Ханталст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг. Ш.Бат-Энх нь мөн Хурдны зам компанийн үүсгэн байгуулагч, захирал нь. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа. И.Нарантуяа АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Тэрээр Хан талст, Хурдны зам зэрэг компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.