УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа
-Таны ахалсан Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-аас тогтоол гарлаа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-УИХ-ын даргын захирамжаар Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэр дагуу тухайн ажлын хэсэг ордыг ашиглах бүхий л гэрээ, хэлэлцээрүүд одоо мөрдөгдөж байгаа ашигт малтмал, хөрөнгө оруулалт, татварын зэрэг хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоож, санал дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн хэрэг. УИХ-ын даргын 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 93 дугаар тоот захирамжаар зайлшгүй шаардлагын улмаас Ажлын хэсгийн өмнө нь тавигдсан ахлагчийг чөлөөлж, намайг томилсон л доо. Ажлын хэсэг нийт 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах болсон. Мөн мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх таван Дэд ажлын хэсгийг таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд төр, засгийн холбогдох байгууллагын мэргэжлийнхэн, улс төрийн дөрвөн нам, 10 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн, энэ салбарт ажиллаж байсан мэргэжлийн ахмад ажилтан, эрдэмтэд, судлаачдын төлөөлөл оролцсон том баг ажилласныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Дэд ажлын хэсгийн бусад төлөөллийн саналыг ч нэгтгэж дүгнэлтэд тусгаж өгсөн. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг энэ том төслийг гацаах, зогсоох биш харин алдааг нь засч, хийдлийг нь арилгаж, харилцан ашигтай, хамтран ажиллах нь юу юунаас чухал байлаа. Тийм ч учраас гэрээ хэлцэл, хууль, журмын уялдаа холбоо, давхардал хийдлийг нэг бүрчлэн нягталж, алдаа оноог нь дэнсэлж хийгүй ажиллах учиртай байв. Ер нь л алдах эрхгүй, аргацааж болохгүй, аливаад шантрах ёсгүй нь тодорхой. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид, төр нийгмийн зүтгэлтнүүдэд ч хандаж, зөвлөгөө авч байв. Хугацаандаа амжуулна гээд “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үлгэрээр орохгүйн тулд бид тэр зун бараг амраагүй. Төрийн ордон эл хульхан, цонхны гэрэл нэлдээ харанхуй шахам байхад манай ажлын хэсгийнхэн л өдөр шөнөгүй цаас нухаж, нүдээ аргатал бичиг баримтуудыг тулгаж, амсхийх завгүй ажиллаж байв. Уйгагүй хүн уул нүхэлдэг гэгчээр Оюу толгойн гэрээг засч залруулахын төлөө тэгж шаргуу ажилласны хүчинд тун чамбай дүгнэлт гаргасан гэж би боддог.
Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхийн зэрэгцээ ҮАБЗ-д ч хүргүүлсэн. Төрийн гурван өндөрлөг сайтар мэддэг байх ёстой, түүгээр ч барахгүй ҮАБЗ-өөс чиглэл өгнө үү хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард бичиг хүртэл илгээсэн. Засгийн газрын ХЭг, АТг, Үндэсний аудитын газрын зүгээс хийсэн хяналт, шалгалтын ажлын дүн ч гарсан. нэгтгэсэн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол гарч, хэрэгжилтийг нь хангуулахаар Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
-УИХ-ын тогтоол гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.Засгийн газар Оюу толгой компанитай хэзээ хэлэлцээрийн ширээний ард суух бол?
-Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хилийн хорио цээрийн дэглэм тогтсон ийм үед хэлэлцээрийн ширээний ард суухад амаргүй байгаа нь мэдээж. нөгөө талаар, дэлхийд зэсийн ханш унаж байгаа тул хэлэлцээр хийхэд адармаатай л болчихлоо. Уг нь ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын тогтоол гармагц л цаг алдалгүйгээр яриа хэлэлцээрт орж, мятралгүй зүтгэх байсан юм. Гэхдээ нэгэнт өгсөн үүрэг даалгавар учир ямар ч байсан Засгийн газар яриа хэлэлцээрээ эхлүүлээд ажиллаж байгаа байх аа.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг нарийвчилж гаргасан, маш олон хуудас бүхий баримт бичиг бий гэдэг. Хэрхэн шалгаж, ямар дүр зураг гарсныг тодруулахгүй юу?
-Дэлхийн хэмжээний орд, асар үнэ цэнэтэй баялгаа ашиглаж байгаа хэр нь монгол түмэн яагаад сэтгэл дундуур байгаа билээ гэдэгт ганцхан л гол утга учир нь бий. Анхнаасаа л гэрээ хэлэлцээр хийхдээ алдаа гаргаснаас л үүдэлтэй. Тэр нь миний оролцсон хоёр удаагийн шалгалтын явцад илт харагдсан. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөөний талаар хэдэн зүйлийг тодотгож хэлье. Эдгээр гэрээг боловсруулахад оролцсон, гэрээ зурсан Монголын талын төлөөлөл, УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг ягштал баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг илт зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь манай талын хүртэх ашиг, үр өгөөжийг бууруулахад хүргэсэн тухай дүгнэлт гарсан байгаа. Манай ажлын хэсгийн хийсэн хяналт шалгалт нь зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд төдийгүй Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулсан. Тэр ч дагуу Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг бий болгон ажиллуулж, гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө, менежмэнтийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл, заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд, шалтгааныг нь нарийвчлан тусгаж өгсөн.
-Дубайн гэрээг зогсоох шаардлагатай гэх дүгнэлтэд хүмүүс чамгүй талцсан санагдана.
-Бидний хувьд дүгнэлтээ хатуухан гаргасан байж магадгүй ээ. Хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэлэлцээрийнхээ нэг ёсны зэвсэг, тулгуур баримт бичиг болгоно шүү дээ. УИХ-аас гарсан тогтоолд Оюу толгойн гэрээ, төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг дахин хийх, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах гээд тодорхой тусгасан. Дубайн гэрээг хүчингүй болгоно гэснийг хэлэлцээр хийнэ гэх маягаар зөөлрүүлсэн л байна билээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Засгийн газар хэлэлцээрийнхээ явцад баримтлах ёстой гэж зааж өгсөн нь тун чухал юм. Хэлэлцээрийн явцад УИХ-аас гарсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт тавьж хамтран ажиллана.
-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр байна. Тэр хэрээр Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа цаашилж байгаа нь тодорхой. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Рио Тинто компани анхны ТЭЗҮ-ээр тохирсон зардлаа өнөөгийн байдлаар хоёр дахин нэмэгдүүлчихээд байна. Тэгэхлээр Монголын Засгийн газар Оюу толгой төслийн 34 хувьдаа ногдох ногдол ашиг авах хугацаа хойшилсоор л байгаа хэрэг. 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээг үзэглэж байснаас хойш 11 жил өнгөрлөө. Энэхүү чамгүй урт хугацаанд ямархуу гэрээ хийчихсэнийг нь, хэр үр өгөөжтэй байсныг нь монгол хүн бүхэн биеэрээ мэдэрсэн, бас таньсан даа. Эхний төсөөллөөр 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Монголын тал 34 хувийг нь эзэмших л тохиролцоотой байсан. Гэтэл одоо хөрөнгө оруулалтын дүн хөөсөрсөөр байгаад 10 тэрбумаас даваад явчихлаа. Анхаарууштай нэг зүйл бол хэтэрсэн зардлын хэмжээгээр тус компанид олгох менежмэнтийн төлбөрийг хасч тооцох хэрэгтэй байгаа юм. Гэтэл нэг төрлийн үйлчилгээ үзүүлчихээд, түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан авч байгааг даруйхан таслан зогсоох шаардлагатай. Тухайлбал, Рио Тинто группийн үйлчилгээний төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон Менежмэнтийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч байгаа нь манай талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн нийт ашиглах хугацаанд хоёр тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож, РиоТинто компани зардлаараа дамжуулан өөрт ногдох үр ашгийг нэмэгдүүлж байгааг зогсоох шаардлагатай.
-Санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө шимтгэл авдаг хэвээрээ юү, өөрчлөгдсөн үү?
-Рио Тинто групп нь санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө 1.9 хувийн шимтгэл авдаг. Гэтэл энэхүү шимтгэлийг Менежмэнтийн төлбөр тооцох суурьт оруулан тооцохоор тохирсон нь мөнгө давхар авах шударга бус үйлдэл юм. Тэгтэл бас менежмэнтийн төлбөр тооцох суурийг хүртэл нэмэгдүүлсэн байна билээ. РиоТинто группийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээр тооцож, улмаар 215 сая ам.доллар нэмж авахаар тохирсон байдаг юм. Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэ аргачлалаар тооцоо хийж явбал энэ групп 500 орчим сая ам.доллар нэмж авах болчихоод байгаа юм. Энэхүү төслийн гэрээг бүр анхнаас нь, тал талаас нь бодолцож, нягт нямбай хийсэн бол өнөөдөр ийм болчихоод сууж байхгүй л байсан.
-Та Оюу толгой төсөлд хийсэн хоёр ч шалгалтыг ахалж ажиллалаа. Таныг Шадар сайдаар ажиллаж байхад Оюу толгой төслийн 2010-2012 оны санхүүд шалгалт хийж баахан зөрчил илрүүлсэн гэдэг. Өмнөх шалгалтын дүнгээр Монголын талд эерэг өөрчлөлт гарсан болов уу?
-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед юм л даа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг орж ирээд, “Оюу толгойг шалгах гэсэн чинь манай яам дангаараа барахгүй байна. Сангийн сайд, Шадар сайд та хоёр хамтарч орвол санхүүгийн шалгалтыг иж бүрнээр хийхээр байна, та анхаарч өгөөч” гэхээр нь, Ерөнхий сайд дээр ороод саналаа хэлсэн юм. Ерөнхий сайд ч зөвшөөрч, Шадар сайд миний бие, Сангийн сайд, Уул уурхайн сайдуудын хамтарсан тушаалаар 2013 оны гуравдугаар сарын 25-нд Оюу толгой төслийн санхүүд баримтын шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй. Ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюу толгой компаниас нийтдээ 24 мэргэжлийн хүн ажиллаж, 2014 оны тавдугаар сарын 5-нд дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан. 2010 оноос 2012 оны санхүүгийн тайланд судалгаа, дүн шинжилгээ, баримтын шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн юм. Тэр бүхнийг нэг бүрчлэн задалж яривал, дотор нь олон ноцтой юм байсан. Тиймээс ч хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээнд сууж, зөрчлийг шийдвэрлэхээр бид шаргуу ажиллаж байсан ч, харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тэгээд л дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нууцаар гадаад руу гэнэт нисэж, тэр олон мэргэжилтний жил гаруйн хүч хөдөлмөрийг Дубайн гэрээгээр бараг тэр чигт нь арчиж орхисон доо. Тухайн үед татвар төлнө, төлөхгүй гэсэн маргаан гаргахад зөвлөлөөр хэлэлцээд 30 сая ам.долларыг эхний ээлжинд яаралтай төлөх, үлдсэн 100 сая ам.долларыг нь баримтаа гаргаж, баталж чадахгүй бол төлнө гэж хугацаа зааж, хойшлуулсан юм билээ. Гэтэл Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээ байгуулаад, зөвхөн 30 сая ам.долларыг төлчих, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгоё гэснээр 100 сая ам.долларын татвар нэхэх, авах боломжгүй болгочихсон гээд олон юм бий. Миний хувьд Оюу толгойн гэрээг ойлгохын тулд үндэстэн дамнасан корпорациудтай олон улсын эдийн засаг, санхүү, уул уурхайн тухай дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн зохиолчдын бичсэн 30 гаруй ном судалж, эрдэмтэн мэргэдтэй уулзаж ярилцсан. Энэ гэрээний цаанаа уул уурхай, санхүү, татвар, байгаль орчин, эрчим хүч, дэд бүтэц, олон улсын эрх зүй, хот байгуулалт, орон нутгийн хөгжил, усны асуудал, ажиллах хүчин гээд олон асуудлыг хамрах тул нэг ярилцлагад багтаах боломжгүй юм. Тиймээс Оюу толгойн гэрээний асуудлаар Ажлын хэсгийг хоёронтоо оройлж ажилласан хүний хувьд энэ талаар ном бичихээр бэлтгэж байгаа. Хэтдээ уул уурхайн асуудлаар олон улсын гэрээ хийхдээ алдаа оноогоо харах, цаашилбал буурай хөгжилтэй улс орнуудад ч дэлхийн нөлөө бүхий томоохон корпориацуудтай гэрээ хийхэд туршлага, судалгааны арга зүй болог гэж бодно.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН олонх болж төрийн эрх барилаа. Парламентад олон удаа сонгогдсон туршлагатай улстөрчийн хувьд та энэ удаагийн парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ. Сонгогчдод өгсөн амлалтаа МАН биелүүлж чадав уу?
-Парламентын ажлыг хэн нэг нь дүгнэх биш, ард түмэн дүгнэж, сонгуулиар дүн тавьдаг. Хэрэв та хувь гишүүний байр сууриа хэл гэж байгаа бол парламент бүрэн хариуцлагажаагүй байна. Зарим гишүүд ажилд хойргоших, хуралдаа ирэхгүй байх, хоцрох, аливаа ажилд хариуцлага сул байх явдал хавтгайрч байгаа нь ажиглагддаг. Яг хэрэг дээрээ бол төр түмэндээ тангараг өргөсөн, тодорхой тойрог иргэдийн төлөөлөл болсон хүмүүсийн хувьд УИХ-ын гишүүд оногдсон ажил үүрэгтээ цаг ямагт манлайлж, төрдөө итгэх олны итгэлийг зузаатгаж байх учиртай. Нэг гишүүний үйлдэл бүхний цаана бүхэл бүтэн парламентын нэр хүнд дэнслэгдэж, хасах нэмэх оноо шажигнан цуглаж байдгийг өдөр бүр санаж байгаасай гэж залуучууддаа хэлдэг. Хүлээж авдаг нэг нь байхад, үгүйсгэж дургүйцдэг нь байдаг л байх. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн парламентыг сахилгыг сануулах мэт онож хэлсэн үг бий.
Энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж дөнгөлөө. Ийм нэмэлт, өөрчлөлтийн талаар хэдэн парламент дамжин ярьсан ч бараагүй л байсан шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Хэдийгээр илүү сайжруулах боломж байсан, бас тусгагдаж чадаагүй зүйл бий ч гэлээ дэвшилтэт зүйлүүд их орсон. Тухайлбал Засгийн газар тогтвортой ажиллах боломж нэмэгдсэн. Бүлэг, фракцуудын толхилцоон, эрх ашгийн хуйвалдаанаар ойр ойрхон засгаараа наадаад байдаг жишиг бараг тогтсон байсан. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрууд дунджаар 1.6-1.8 жил л тэсч, 300-гаад сайд төрүүлсэн байх юм. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллавал эхлүүлсэн ажлаа дуусгадаг, үр дүн нь хамаагүй илүү байдаг тодорхой болсон зүйл. Богино богино хугацаагаар засаг ээлжлээд байхаар улс орны хөгжил саарч, төлөвлөлтийн бодлого алдагдаж, залгамж чанар хадгалагдах битгий хэл, харин ч өмнөхөө үгүйсгэдэг, ахиад өөрийг санаачилдаг. Ганц жишээ гэхэд л, Засгийн газар солигдох бүрт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам, Хөгжил шинэтгэлийн хороо гэх зэргээр өөрчлөгдөнө, эсвэл бодлого төлөвлөлт хариуцсан бүтцийг шууд татан буулгадаг. Тиймээс ч Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж тусгаж өгсөн. Миний хувьд хуучнаар төлөвлөгөөний комисс гэж байсан шиг хөгжлийн бодлогоо төлөвлөдөг бүтэц байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Долоо төөлж, нэг огтол гэдгийг монголчууд зүгээр ч нэг хэлээгүй ард түмэн шүү.
-Тус өөрчлөлтийн хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн яамтай болж, түүнийг Монгол Улсын Шадар сайд хариуцна гэсэн үү?
-Өнгөрсөн хугацаанд эрх баригчид Монгол Улсын хөгжлийн талаар урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг олноор нь үйлдвэрлэж ирсэн. Тэгж хөгждөг бол хөгжчихөөр болсон. Өмнөх бодлогоо үргэлжлүүлэхгүй тас цохиод, хөгжлийн шинэ бодлого гаргаж ирээд байхаар өөр хоорондоо уялдахгүй юм, тэгээд ч өөрсдөө шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байхаар чинь улс орон яаж хөгжих вэ. Хамгийн гол нь төрийн бодлогын залгамж чанар нь алдагдаж ирлээ. Тэр бүхэнд цэг тавихаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийг баталснаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг хангаж боловсруулан батлах шинэ тогтолцоог бий болгоно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн яамтай болж, Шадар сайд хариуцна гэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг нь тодорхой тусгасан. Улс орон хөгжихийн тулд бодлогоо тодорхойлж, төлөвлөх нь зайлшгүй чухал. Гурван нүүдлийн цаана байгааг харсан шатарчин ялдаг шиг, бодлогоо гаргаж, төлөвлөж, тэр бүхнээ тууштай хэрэгжүүлсэн улс л алдахын зовлонгүй хөгжинө.
-Монгол Улс “Алсын хараа 2050” гэх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж байна. Энэ нь хэр оновчтой, холыг харж чадсан бодлого болохоор байна вэ?
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг батлах хэрэгтэй. Монгол Улсын гучин жилийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлүүдийг төлөвлөсөн л дөө. Уг төслийг боловсруулахдаа нийт 1500 гаруй олон салбарын мэргэжилтнүүдийг хамруулж, найман сарын турш ажилласан гэж Засгийн газар танилцуулсан байна билээ. Удахгүй УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцээд ирэхээр баримт бичгийн зүйл заалт бүрээр ярилцаж, тодорхой тодорхой санал тусгагдаж таарна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар л гэхэд нүүдлийн соёл иргэншлийг тээгч нь бөгөөд энэ давуу тал дээрээ тулгуурлаж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, экологийн цэвэр хүнс, аялал жуулчлал зэргийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Тэр бүхний том зураглалыг гаргаж, хэтийн бодлогодоо тусгах хэрэгтэй. Шинээр Ажлын хэсэг ч байгуулж байгаа. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг сохолчихдог гэм бас бий. УИХ дээр лобби бүлгүүд байгуулагдаж, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хуулийг өөрчлөх гэж дайрдаг. Өөрийн тавьж буй саналаа хамгаас чухал хэмээн сэнхрүүлж, лобби ажиллагаа явуулсаар байгаад сүүлдээ ч өргөн барьсан хуулийн төсөл танигдахаа байдаг дутагдал бий. Нэг салбар, нэг тойрог, нэг аймаг, сум, багийн эрх ашгийг улсын эрх ашигтай эн тэнцүүлж, бодлогын гажуудал үүсгэж болохгүй. Хэн нэгэнд таалагдах тааруулах гэж улсад хохирол учруулж болохгүй. Аливаа зүйлийн жанжин шугамыг л алдагдуулж огт болохгүй. Энэ урт хугацааны хөтөлбөрийг ч гэсэн аль болохоор сайжруулна уу гэхээс, аль нэг тийшээ хэлбийж муутгаж болохгүй шүү гэдгийг хэлээд л байгаа.
-Эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд нэг цул болох бус 60 тэрбум, ЖДҮ-гээрээ хуваагдлаа. Магадгүй ирэх сонгуульд энэ талцал нь нөлөөлөхийг ч үгүйсгэх аргагүй юм. Та энэ байдалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Төрийн хар хүний эрхэмлэж нандигнах зүйл бол төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх явдал. Албан тушаал, цол хэргэм, сандал суудлыг эрх ямба, эд хөрөнгө гэж үздэггүй, харин үүрэг хариуцлага, ажил хийх боломж гэж үзэж ирсэн. Тэгээд ч би өнөөдрийг хүртэл ямар нэг уул уурхайтай хавирсангүй, газрын лиценз, концесс зэрэгтэй хутгалдсангүй. Албан тушаалын ч бай, хөнгөлөлттэй элдэв зээл ч бай, өөрт авч хожоо сонжоо харж явсангүй. Улсаас орон сууц авч, хүүхдүүдээ төрийн зардлаар гадаад, дотоодын их дээд сургуульд сургах гэж хөөцөлдөж ч үзсэнгүй. Байгаадаа сэтгэл хангалуун, боломжиндоо амьдрал тэнүүн, шуналын шулам мэт хорхойг хазаарлаж явах эцэг өвгөдийн сургаалыг дагаж хүмүүжсэндээ олзуурхдаг, сэтгэл тайван амар байдаг. Авлига, хээл хахууль, аваа өгөө, ашиг хожоо харж, төрийн нэр сэвтээж, түмний итгэлийг хугалсан бол тухайн хүн ч намаа бодоод нэр дэвшье гэхгүй биз, намууд нь ч нэрийг нь дэвшүүлж халаахгүй биз. Тийм эрх улс төрийн ямар ч намд бий. Нэр цэвэр, сэтгэл тунгалаг, мэдлэг боловсролтой, хөдөлмөрч хүмүүжилтэй гайгүй залуус төлөвшиж байгаа санагддаг. Үүнд л би их сэтгэл дүүрэн байдаг. Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэг шиг боловсорч, хүмүүжсэн ид насны залуус аль ч намд бий. Энэ удаагийн сонгуулиар шулуухан хэлхэд тэдгээр зөв мөрийн залуусаас олноороо орж ирээсэй гэж бодож байна. Гагцхүү нам нь хэрхэн сонгож, яаж нэр дэвшүүлэхээс бас шалтгаална. Монголчууд ч тэгээд зөвийг олж, бурууг ширвэдэг айхавтар билгийн мэлмийтэй ард түмэн шүү дээ.
-Нэр дэвших эрхээ авахын тулд зарим хүмүүс намын даргаа тойгдоод эхэлсэн гэх юм. Таны хувьд?
-Улс төрд би багагүй хугацаанд нэг ёсондоо нэлээд сайн чанагдлаа. Хэзээ ч, хэнээс ч, ямар ч албан тушаалыг гуйж явсангүй, тойрог өгөөч хэмээн хошуу дэвсэн, дарга бараадан харайлгаж байсангүй. Таныг дэвшүүлнэ ээ гэвэл надад татгалзах юм алга, намын шийдвэрээ дагана. Улс төрд хөл тавьсан цагаас миний баримталсан зарчим бол нэгдүгээрт улс орны, хоёрт намынхаа, хамгийн сүүлд өөрийн эрх ашгаа тавьж эрэмбэлж, асуудалд хандаж ирсэн. Тиймдээ ч улс орны эрх ашгийг ардаа тавьж, хувийн амбиц, өөрийн өчүүхэн эрх ямба, ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж увайгүй улс төр хийж ирсэн нөхдүүдтэй нам харгалзалгүй “дайтаж” явсан. Үүгээрээ сайн муугаар дуудуулж, нүд үзүүрлэгдэж, буланд шахагдаж ч үзсэн. Гэхдээ өөрийнхөө зарчимд хатуу зогсдогтоо сэтгэл хангалуун байдаг. Ямар нэгэн хуйвалдаан, явуургүй арга, бусармаг үйлдлээр санаатайгаар зайлуулах үйлдэл гаргавал бодит үнэнийг илчилж, шударга үнэний төлөө хэзээд ч үгээ хэлэхэд бэлэн байна. Нэр дэвшлээ гэхэд айж бэргэх, ухарч няцах юм ердөө алга. Сүүлийн үед өрсөлдөгчөө захиалгатайгаар доромжлох, гүтгэх, санаатай зохиол бичүүлэх явдал хирээс хэтэрч байна. Тухайлбал, намайг бие дааж нэр дэвшинэ гэж хэсэг нөхөд зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд тараагаад эхэлжээ. Хэн хаанаас ямар чулуу хэрхэн шидэж байгааг дэндүү сайн мэдэж байна. Гэхдээ би үүнийг тоохгүй байгаа. Ийм улс төр хол явдаггүй юм даа. Хаана ч нэр дэвшсэн хүрч очоод, сонгогч түмэнтэйгээ уулзахад хийсэн ажил хэлэх үгтэй, хамгийн гол нь олны жаргал зовлон дунд ямба нэхэхгүй, ялгарах юмгүй, ичих зүйлгүй, нэр цэвэр, итгэл бат, сэтгэл зүтгэл нэгтэй байдаг ясны ардын хүүхдийн чанар минь бэлээхэн байдаг. Хөдөө орон нутаг, үйлдвэрийн цех, ер нь хаана ч хэн ч бай, миний таньж мэдсэн хорвоо, танил дотно хүмүүс байдаг.
-Төрд олон жил ажилласан хүмүүсийг дахин нэр дэвших хэрэггүй гэх хандлага бий болсон. Гадны жишгээр бол ахимаг насныхныг дэвшүүлж, албан тушаалд томилж л байгаа харагддаг.
-Төрд байгаа ахмад насныхан одоо зайгаа тавьцгаа гэх болсон нэг хандлага, өдөөж байгаа хүчин зүйл бий нь бий. Гэхдээ одоо та яв, таныг дэвшүүлэхгүй гэвэл чаргууцалдаад байх юм алга. Би төр түмэндээ хоёргүй сэтгэлээр чин үнэнчээр зүтгэж ирсэн. Ажилласан салбар болгоноо өөд татаж, ахих дэвших үүд хаалгыг хичээл зүтгэлээрээ нээж ирсэндээ сэтгэл дүүрэн байдаг. Үүгээрээ би бахархдаг, бас сайн сайхнаар нэрлүүлэх зүйлтэй, хийсэн ажилтайдаа нүүр бардам байдаг. Сайн эцгийн нэрийг гурав хувааж иддэг гэгчээр залгаж үлдэх хорвоод бүтэн нэртэй, бүлээн зүстэй явна аа. Нэр цэвэр байна гэдэг, хэний ч өөдөөс дальдчих юмгүй, нүүр дүүрэн инээмсэглэж, сэтгэл тэнэгэр аж төрөх шиг жаргал гэж үгүй. Нэр хугарахаар, яс хугар гэдэг. Би зүтгэнэ, би чадна гэж амлан байж гарч ирчихээд, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавилгүй, хувиа борлуулж, довоо шарлуулж, өөрийн эрх ашигт хүлэгдэж, буруу бузрыг үйлдсэндээ айж бэмбэгнэхгүй, бүтэн нойртой байна гэдэг юутай сайхан аз жаргал, амар амгалан бэ. Ард түмэндээ зовлон шаналал тарьж, асар их эд баялгаар арьсаа язартал зоолчихоод, хэн ч, юу ч мэдээгүй юм шиг хэчнээн хэнэггүй байя гэвч тэр нь түр зуурынх, өнөөдөр баригдаж тавигддаггүй юм гэвч, яваа яваандаа хилэнц болон хувирч, ядаж дотоод сэтгэлийн тамд шатах байлгүй дээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”