Солонгосын хойг, Зүүн тэнгис, Уллындо гэхлээр та лав Уллындо гэх содон нэртэй нэгэн арлыг бүүр түүрхэн ч болохноон санана даа, лав. Их далайн дунд хөвж явах шиг санагддаг тэр арал 64.43 км эргэн тойрон дан ус цалгилан бүслүүрдсэн, ердөөн 72.9 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Хаашаа л харна цэлэлзэх их усан дунд хашигдсан өнчин ганц тэр арал нэг ёсондоо Өмнөд Солонгосыг Зүүн тэнгист сахиж байгаа харуул манаа гэлтэй. Солонгосчуудын хэн нь ч бай, Уллындо бол манай уушиг, цэвэр сайхан орчны биет үлгэр загвар бол тэр гэлцэнэ.
Өмнөд Солонгост цар тахал анх дэгдсэн тэр өдрөөс хойш зуу гаруй хоног өнгөрөхөд арван гаруй мянган хүн оршин суудаг Уллындо арлынхнаас бурхан минь, нэг ч хүн өвдсөнгүй. Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар 10,752 хүнд халдварлаж, нас баралт 244 болоод байна. Хэдийгээр олон хүн өөд болсон ч баралтын дундаж түвшин 2.27% байгаа нь бусад аль ч улсуудынхаас бага байгаа юм. Үүнчлэн Уллындо аралд ашгүй амар амгалан байгаа юм. Энэ явдалд тус арлын оршин суугчид, албан хаагчид тэр тусмаа захирагч Ким Бён Сү урьдчилан сэргийлэх нарийвчилсан арга хэмжээг яаралтай авч, арал руу орж, гарах хүмүүсийн тоог хямгадаж чадсан нь чухал юм.
Уллындо арал нь цар тахлын тохиолдол, нас баралтаар Өмнөд Солонгостоо хамгийн ихэд тооцогдож байгаа Кёнсанг мужид харьяалагддаг тул “өвчтөнгүй үхэлгүй” торойтол үлдэж байгаад залбирахаас өөрөөр яах вэ.
БНСУ-д бүрэн эдгэрч, хорио цээрээс гарсан хүмүүсийн тоо 4-р сарын 27-ны байдлаар 90 хүнээр нэмэгдэж, нийт 8854 хүн болсон бол, эмчлэгдсэн түвшин 82.4 хувьтай байна. Түүнээс гадна тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа өвчтний тоо өмнөх өдрөөс 77-аар буурч,1654 болжээ. Оношлогоо үзлэгээр өнөөг хүртэл 608,514 хүн шинжилгээнд хамрагдаж, 588,559 хүн сөрөг гарч, одоо бас 9,203 хүн хамрагджээ.
Дэлхий нийтэд мэдэгдэж байгаагаар, Өмнөд Солонгос аялал жуулчлал зэрэг нийгмийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, бүх шатны сургуулийг 5-р сард эхлүүлэх төлөвтэй байгаа тул COVID-19-ын хяналтанд хүмүүс идэвхийлэн оролцож байна. БНСУ-ын аялал жуулчлалын гол газрын нэг болох Уллындо арал дотоодын төдийгүй гадаадын жуулчид ч хүрэлцэн ирэх төлөвтэй байна.
Өмнөд Солонгосын хамгийн зүүн арал болох Уллындо, түүний төв боомт хот бол сайн бэлдэж аялах ёстой газар шүү. Эргэн тойрон тэнгисийн их усан хөвсөлзөн цэлэлзэх энэ арал шиг ариг цэнгэг агаартай газар ховор, та ёстой л амьсгалах бүрийдээ тэр агаарыг нь нэг ёсондоо залгилж байгаа хэрэг. Уллындо арал бол гангийн үйлдвэрлэлээрээ алдартай Пёнчанг муж, Пухань хотоос 217 км, Зүүн тэнгисийн үзэсгэлэнт далайн боомт Мухо хотоос 161 км, Пёнчантай хамтарч 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсан Каннын хотоос 178 км зайтай байдаг арал даа.
Уллындо аралд жилдээ дөрвөн зуу гаруй жуулчин ирж нүд баясгаад буцдаг. Уллындо гэгч үй олон үзэсгэлэнтэй газар бүхий ертөнцийн нэгэн сайхан аралд өнөө хэр агаарын замын үйлчилгээ байхгүй байгаа боловч тус арлын засаг захиргааны тэргүүн Ким Бён-Су гуай нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж байгаа гэнэ билээ.
Солонгосын хойгийн үзэсгэлэнт нэгэн буйд газар, цэвэр цэнгэг агаар үйлдвэрлэгч их далайд хөвсөлзөн хөвөх мэт нүд шиг тэр арлаар цар тахлаас эмээлгүй тухтайхан гэгч нь аялахсан гэж би л лав тэмүүлж байх юм, та юу гэж бодож байна вэ? Тэр арлын нэр нь Уллындо шүү дээ.
Санк Ки Ли /N сэтгүүл/