Амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Ер нь томуу, томуу төст өвчний тархалт их байна. Энэ нь нэг талаас эцэг, эх, насанд хүрэгчдийн хайнга, хэнэггүй, хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир нь улирлын чанартай ханиад томууны дэгдэлтийн үед амны хаалт зүүж хэвших нь өөрийгөө ч, үр хүүхдүүдээ ч хамгаалах ач холбогдолтой арга юм.
Гэтэл олон нийтийн газарт амны хаалт огт зүүхгүйгээс гэр бүл, үр хүүхдүүддээ ханиадны вирус дамжуулж байгаа нь бодитой сөрөг үзэгдэл.
Одоогоос 3 жилийн өмнө Ковид-19 цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрч нийтээрээ амны хаалт зүүж байлаа. Тухайн үед бусад амьсгалын замын өвчлөл эрс буурсан нь судалгаанаас харагдсан гэдэг. Тэгэхлээр амны хаалт зүүж хэвших нь амьсгалын замын өвчлөлийг хязгаарлах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргын нэг гэдэг нь ойлгомжтой байна. Хариуцлагатай байя. ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ТӨЛӨӨ АМНЫ ХААЛТАА ЗҮҮЦГЭЭЕ.
Д.Дорж