G7 буюу “Долоогийн бүлгээс” гаргасан санаачилгын хүрээнд Украинд 20 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснээ өчигдөр АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ.
Зээлийн төлбөрийг Барууны орнуудад царцаагдаад буй Оросын активуудын орлогоор хийх ажээ. G7-гийн шугамаар олгох зээлийн нийт дүн 50 тэрбум ам. доллар буюу 47,5 тэрбум евро юм.
Яаралтай тусламжийн албад, эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Украин улсад санхүүгийн нөөц хөрөнгө шаардлагатай байгаа гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен онцлон тэмдэглэлээ. “Украиныг дэмжих нь АНУ-ын үндэсний эрх ашигт амин чухал бөгөөд Украин унах аваас Европ дахь манай НАТО-гийн холбоотнуудад аюул учирна” гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.
Барууны орнуудад царцаагдаад буй ОХУ-ын активуудын орлогоор Украинд зээл олгох шийдвэрийг “Их7”-гийн орнууд энэ оны 6 дугаар сард гаргасан юм. Үүний дагуу АНУ-ын тал 20 тэрбум ам. доллар, Европын Холбоо 20 тэрбум ам. доллар, Их Британи, Япон, Канад гурав нийлээд 10 тэрбумыг Украинд олгохоор тохиролцсон байна.
Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нийт 280 тэрбум долларын активыг царцаагаад байгаа бөгөөд үүнээс 210 тэрбум нь Европын Холбооны орнуудад еврогоор хадгалагдаж байжээ. Оросын тал өмнө нь уг царцаагдсан хөрөнгөнөөс жилд 2,5-3 тэрбум еврогийн орлого олдог байв гэж МОНЦАМЭ уламжиллаа.