Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав. Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихантай хийсэн уулзалтын явцад найрсаг дотно харилцаатай Монгол, Лаос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой өнгөрсөн онд тохиож, талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг онцоллоо.
Хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж идэвхтэй хадгалагдаж байгааг талууд тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саяхан БНАЛАУ-д хийсэн төрийн айлчлал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвиханы энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдав. Мөн энэ онд хоёр улсын парламент, тэдгээрийн Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус шинэчлэн байгуулсан нь цаашид хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай боломжийг бүрдүүлснийг онцлов.
Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблей хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд тус улсын Үндэсний Ассамблейн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгон Монголын талаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн ордонд зориулж дэвсгэр хивс бэлэглэх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.