Нийслэлийн удирдлагын багийн бодлого, шийдвэр болон хэрэгжүүлж буй Гурван суурьт хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр, Улаанбаатар хотын бодлогыг ямар үндэслэлээр, хэрхэн гаргадаг вэ?
-Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа авснаасаа хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, хотын бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа.
Есөн дүүрэг, харьяа 123 байгууллагаас ирүүлсэн өгөгдөл мэдээллийг нэгтгэн боловсруулж, түүнд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр хотын удирдлагын баг бодлого, шийдвэрээ гаргадаг. Нийслэлийн Засаг дарга 153 чиг үүргийн хүрээнд ажилладаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодлогын судалгааны байгууллага зайлшгүй байх шаардлагатай. Судалгаа, өгөгдөл байгаа газарт оновчтой шийдвэр гаргах, зөв төлөвлөлт хийх боломжтой. Гадаадын судалгаа, шинжилгээний төвүүд, их, дээд сургуулиудтай нээлттэй, шууд хамтран ажиллах боломжтой “Think tank”-ийг Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулсан нь чухал давуу тал болж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын шийдвэр эрдэм шинжилгээний томоохон багийн судалгаа, шийдэлд суурилан гарч байна гэсэн үг.
-Улаанбаатар хотод батлагддаг нэг жилийн төсөв хэр хангалттай байгаа вэ. Өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай, түүнийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөв маш бага байсан учраас үе үеийн Хотын дарга нарт олон асуудал тулгамдаж байсан. Тухайлбал, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нэгдсэн төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбумын 100 тэрбум нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, 75 тэрбум нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөлт, 68 тэрбум нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулагдаж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан. Түүнчлэн цахим шилжилт, холбоос зам гэх мэт томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа. Гэвч энэ хэмжээний хөрөнгө оруулалт хотод тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй. Хийж, хэрэгжүүлэх ажил дахиад ч бий. Сайн, муу олон янзаар хэлэгдэж байгаа ч “Эрдэнэс Баянбогд” төсөл бол нийслэлийн хөгжилд нэмэртэй, цаашид хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтыг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болох юм.
-Хотын дарга Д.Сумъяабазарын үүрэгт ажлын хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд юу хийхээр төлөвлөж, зорьж байна вэ?
-Бий болгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тодорхойлсон 86 үзүүлэлтэд суурилан хуваарилж, бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг үгүй хийхийн тулд эрх зүйн орчныг л сайжруулах шаардлагатай. Тиймээс хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах юм. Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжинө, эдийн засаг хөгжвөл эрүүл засаглал тогтоно.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС