ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос тэмдэглэх болсон ба энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг хүлээн авагч улс нь Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хот юм.
Энэхүү арга хэмжээ “Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” уриан дор дэлхий даяар нэгэн зэрэг болж, цусны доноруудыг алдаршуулах, намтар түүхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээн суралчлах, байнгын цусны доноруудыг тогтмол цусаа өгөхийг уриалах, шинэ доноруудыг элсүүлэн дэмжиж цусны донорын эгнээг өргөжүүлэх явдал чухал болохыг онцолж байна. Мөн Цусны донорын дэлхийн өдрийн уриа бүхий сургалт, сурталчилгааны материал бэлтгэн тарааж, олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Монгол улсын хувьд Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн Цусны салбар төвүүд 19 дэх удаагийн арга хэмжээг орон даяар тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Цусны донорын Дэлхийн өдрөөр шинээр 160 Хүндэт донор төрснөөс 91 нь Нийслэлээс тодорсон ба Хамгийн залуу Хүндэт донор 20 настай Жавхлангийн ГЭГЭЭРЭЛ-ийг онцлон алдаршууллаа. Байгууллага хамт олноороо цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдсэн АШУҮИС, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг “Цусны донор хамт олон”, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг талархан дэмждэг иргэд, байгууллага, хамт олны ариун үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулах, урамшуулах, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд үр дүнтэй хамтран ажилласан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийг “Хүмүүнлэгийн үйлсийг сурталчлагч, цусны донор хамт олон”, БЗД-ийн Улаан Загалмай Хороог “Хошой шилдэг донор элсүүлэгч хамт олон”, СХД-ийн Улаан Загалмай Хороо, Монголын донорын холбоо ТББ-ыг ”Шилдэг донор элсүүлэгч хамт олон”, Номин Холдинг ХХК-ийг “Цусны донорын үйлсийг дэмжигч шилдэг байгууллага”, Жем интернэшнл ХХК, Ulker Mongolia-г “Цусны донорын үйлсийг дэмжигч байгууллага”-аар тус тус тодруулан алдаршуулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтээр тэмдэглэж буй энэхүү хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж, ЦССҮТ-д хүрэлцэн ирсэн бөгөөд бусдын амь насыг аврах үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж буй ачтан доноруудад талархал илэрхийлсэн юм. Мөн сайн санааны үйл хэрэгт өөрийн биеэр хувь нэмрээ оруулан цусаа бэлэглэлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв энэхүү ёслолын арга хэмжээтэй хамтатган Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулаад зогсохгүй Коронавируст халдвар цартахлын үеийн болон улирлын хамааралтай цусны нөөц буурахаас урьдчилан сэргийлэх, авлагагүй сайн дурын цусны донорын үйлсийг сурталчлан таниулах зорилгоор хувь хүн, иргэд байгууллага хамт олонд хандсан сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭН БУСДЫН АМЬ НАСЫГ АВАРЦГААЯ” аяныгэхлүүллээ. Та бүхнийг Аянд нэгдэхийн уриалж байна. ХҮМҮҮНЛЭГИЙН САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.