Монголын эрүүл мэндийн салбарын ууган байгууллагын нэг Эмгэг судлалын үндэсний төв (ЭСҮТ) өнөөдөр ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ MNS ISO 9001:2016 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ гардаж авлаа. Энэ бол тухайн байгууллагын бодлого, үйл ажиллагаа чанар стандартын түвшинд өндөр үнэлэгдэж байгаагийн хамгийн том нотолгоо, амжилтын бодит илэрхийлэл юм. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, хэлстийн дарга Г.Навчаа, мэргэжилтэн Ц.Тунгалагтамир болон SFCS аудитын компанийн гүйцэтгэх захирал Г.Ундаръяа нар оролцсон юм. Ж.Нарангэрэл тус төвийн хамт олонд баяр хүргээд “Энэ бол та бүхний ажлын үр дүн юм. Цаашдаа энэхүү чанар, стандартаа улам сайжруулаад явна гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс ЭСҮТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэлээ.
Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга хэлсэн үгэндээ “Нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтын тогтолцоотой болно” гэсэн стратегийн зорилго тавьсаны дагуу тус төв эмгэг судлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл явц бүртээ хэрэгжүүлэхээр зорилт тавин ажилласныг онцлов.
Мөн Эрүүл мэндийн сайдын баталсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх зорилт, арга хэмжээг жил бүр тусган эрүүл мэндийн байгууллагууд үе шаттайгаар энэхүү стандартад шилжин орж, үйл ажиллагаагаа “Төлөвлө-гүйцэтгэ-шалга-сайжруул” гэсэн процессын дагуу төлөвлөн гүйцэтгэж, тусламж үйлчилгээний чанарыг байнга сайжруулж байгааг дурдаад “Манай хамт олонд хүч байна. Багаар ажиллаж амжилт гаргах бололцоо байна. Үүнийг энэхүү нэр хүндтэй гэрчилгээг хүлээж авсан амжилт харууллаа. Улмаар цааш цаашдаа амжилтаа бататгаж, сайжруулаад явах үүрэг хариуцлага хүлээж байна. Эмгэг судлалын тусламж үйлчилгээний үндсэн болон туслах процессуудыг яст мэлхийн диаграммаар илэрхийлж, лавлагаа лабораторийн процесс бүрийн дэс дараалал, шат дамжлагыг нарийвчлан батлуулснаар алдаа зөрчил, үл тохирол гарах эрсдэлийг бууруулсан гэж үзэж байна. Мөн байгууллагад шаардлагатай мэдлэг, ур чадварын жагсаалт, эрсдэлийн жагсаалт, үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм журам, стандартын жагсаалт гэх мэтийг шинэчилж, SWOT-TOWS аргаар ажлын гүйцэтгэл, хяналтын системийг ISO9001 стандартын шаардлагад нийцүүллээ. ISO 9001-ийг хэрэгжүүлснээр төвийн зардлыг хэмнэх, эрсдэлийг бууруулах, удирдах, шинжилгээний үр дүн, оношийн нийцлийг хангах, үр ашгийг нэмэгдүүлдэг зэрэг олон давуу тал, үр ашгийг бий болгох эхлэлийг тавьлаа. Тухайлбал, тухайн стандартыг хэрэгжүүлж, баталгаажуулалтад хамрагдсанаар манай байгууллага хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн ихээр дээдэлдэг бөгөөд хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн ажиллаж, тэдэнд амласан амлалтандаа хүрч чадна гэдгийг баталж байгаа хэрэг юм. ISO 9001 стандарт нь хэрэглэгчийн шаардлагыг зөвөөр тодорхойлж, түүнд нийцүүлэн ажилласнаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ёстой гэдэг санаанд гол анхаарлаа хандуулдаг. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангаж чадвал үүнийг дагаад эрэлт хэрэгцээ, найдвартай байдал ч гэсэн нэмэгдэх боломжтой бөгөөд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжиж буй энэ үед энэхүү стандартыг нэвтрүүлсэн нь цаг үеэ олсон стратегийн ач холбогдолтой тогтолцоо болсон гэж үзэж байна. Чанарын удирдлагын тогтолцоо нь процесс буюу үйл явцад суурилсан арга барилыг ашигладаг тул манай байгууллагын бүхий л үйл явц, процессийг тогтолцоогоор өөрөө өөрийгөө хянаад зогсохгүй, тэдгээр процесс нь хоорондоо хэрхэн уялдаж байгааг ч хянадаг. Ингэснээр хаана нь сайжруулалт хийж, хаана нь нөөцөө хэмнэж болох вэ гэдэг нь тодорхой болох юм. ISO 9001-ийн гол зорилгын нэг нь байнгын сайжруулалт учраас хэрэгжүүлэгч байгууллага нь цаг хугацаа болон нөөцөө хэмнэх боломжтой. Эмгэг судлалын үндэсний төв өөрөө байнгын сайжруулалтыг зорилго болгож ажилласнаар эмгэг судлаач эмч, лабораторийн техникч, ажилтнууд ч гэсэн өдөр тутмын ажлаа сайжруулж, эерэг өөрчлөлт бий болгож, улмаар байгууллагын хэмжээнд эерэг хандлага, хамт олонч уур амьсгал бэхжих нь дамжиггүй юм” хэмээв.
Ийнхүү Эмгэг судлалын үндэсний төв чанарын 2 удаагийн хөндлөнгийн аудитад амжилттай хамрагдаж, оношилгоо шинжилгээний бүхий л үйл явцыг олон улсын стандартаар баталгаажуулснаар олон улсын баталгаажуулалтын IAF байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн тусгай мэргэжлийн төв боллоо.
Д.Дорж