АН-ын даргын сонгуульд өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь санал хураалт явагдахын өмнөх өдөр гэнэт нэрээ татсан билээ. Тэрбээр “Улсын дээд шүүх АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж авсан. Улмаар бид даргын сонгуулийг хойшлуулж, шинэ дүрмийн өөрчлөлтийн хүрээнд дахин зохион байгуулах хүсэлт тавьсан боловч АН-ын Дотоод сонгуулийн хороо хүлээж авахаас эрс татгалзсан. Ийм учир би нэрээ татаж байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр сайн дураараа сонгуулийн үр дүнгээс татгалзсан, эсэх нь эргэлзээтэй. Үүнээс улбаалан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдлийн гэгддэг сайтаар “Ж.Батсуурь намын эв нэгдлийн төлөө зөв алхам хийлээ” хэмээн мэдээлж эхэлсэн. Ер нь л “Х.Баттулга одоо хүмүүсээ аваад АН-аас явсан нь дээр” гэх ухааны мессеж хаясан. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нар орон даяар явагдаж буй энэ удаагийн сонгуулийг хууль бус хэмээн шуудхан үгүйсгэж байгаа гэсэн үг.
Гэвч АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлж байгаагаас үзвэл өнөөдөр эхэлсэн АН-ын даргын сонгуульд тус намын гишүүд, дэмжигчид нь маш идэвхтэй оролцож байгаа аж. Өрсөлдөгчгүй өрсөлдөгч Х.Баттулга өөрийнхөө төлөө саналаа өгөөд гарч ирэхдээ сэтгүүлчдэд “Улсын дээд шүүх сонгуулийн үр дүнг бүртгэх ёстой. Энэ бол бүртгэлийн л ажиллагаа. Хүн төрөхөд гэрчилгээ олгодог шиг, гэр бүл болоход бүртгэдэг шиг л үйл явц. Бүртгэх үйл явцыг битгий улс төржүүлээрэй. Ж.Батсуурь нэрээ татсан нь тэр хүний л асуудал. Гэхдээ тухайн байгууллагын дүрэм журмын дагуу бид сунгаанд оролцсон. Дүрэм журмаа мөрдөх нь тухайн нэр дэвшигчийн үүрэг. АН-ын даргын сонгуулийн ирц өндөр болоод, асуудал шийдэгдчихнэ гэдгээс айсан юм уу? яасан юм өөр нам байгуулах гэж байна гэдэг цуурхлыг өчигдрөөс эхлээд тарааж байна. Тийм зүйл байхгүй. Энэ олон дэмжигчдээ хаяад дахиад өөр нам байгуулна гэдэг бол толгой нь эргэсэн хүний л ажил” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Санал хураалтын өдөр 18 цагийн байдлаар АН-ын нийт гишүүд дэмжигчдийн 60 гаруй хувь нь саналаа өгөөд байна гэж тус намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлсэн. Орон нутгаас ирж буй баримт материалаас үзвэл АН-ын гишүүд дэмжигчид сонгуульдаа маш идэвхтэй оролцсон шиг байгаа юм. Улмаар саналаа өгсөн хүмүүсийн 96 хувь нь Х.Баттулгын төлөө саналаа өгчээ. Гэхдээ Ц.Элбэгдорж, С.Эрдэнийн талынхан энэ сонгуулийн үр дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй, дахин их хурал хийж, дахин сонгууль явуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Одоо АН-ын шинээр тодорсон даргыг бүртгэж авах, эсэхийг Дээд шүүх л мэднэ. Гэхдээ үүнээс хамаарахгүйгээр тус нам дахин “шинэ дайны” байдалд шилжлээ.
Д.Лхагва